Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзав

2022-12-07 14:31:34

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав.

Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч буруушаав.

Тэрбээр нүүрсний хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг тэднээс нэхэж, энэ хэрэгт нэр холбогдсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулах эрх хуулиар олгогдсоныг Улсын Ерөнхий прокурорт хатуу санууллаа.

Хэрвээ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгааг анхааруулав.

Түүнчлэн Засгийн газрын төлөөллийг төв талбайд очиж жагсагч иргэдтэй уулзан, хийж байгаа ажлаа ил тод ярихыг шаардав.

Уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар байлцав.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзав  
Үзсэн: 1943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-07 15:33
Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээ яагаад тавьж явуулаад бдаг юм бэ? Авилга авдаг юм уу? Аль эсвэл өөрсдийн чинь булхай илрэх гээд бдаг юм уу? Өч төчнөөн сая, тэрбумаар нь идээд байхад л түүнийг нь мэдсэн ч эс мэдэгч царайлах юм. Үүнийг нь гэмт нөхдүүд мэддэг болохоор харь орон руу гарцгааж тэдний санааг амраадаг бололтой.
Зочин [127.0.0.xxx] 2022-12-07 14:48
Зөв.Хатуу шаардлага өгчээ.Талархая!
Zochin [127.0.0.xxx] 2022-12-07 14:46
Huurhii

Бидэнтэй нэгдээрэй