Шууд Chart

Ц.Мандхайхатан: Бодлого гэдэг маш хол сонсогддог үйл явцад залуус оролцох, хянах боломжтой

2023-01-25 09:07:56

“Редакцын зочин” буландаа “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын зөвлөх, хуульч Ц.Мандхайхатаныг урьж ярилцлаа.

-Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авч, цаг зав гаргасанд баярлалаа. Ярилцлагаа таны ажил мэргэжлээс эхэлье гэж бодлоо.

-Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Оюутан байх цагаасаа сайн дурын ажилд оролцож, сургуулиа төгссөнөөсөө хойш иргэний нийгмийн байгууллагад ажилласан. Учир нь учраас одоог хүртэл тууштай ажиллаж байна. Цаашдаа ч иргэний нийгмийн салбартаа тууштай ажиллана.

Би эмэгтэйчүүд, жендэрийн тэгш эрхийн төлөө ажилладаг МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнд анх ажиллаж, иргэний нийгэм, ардчилал, тэгш эрхийн талаар гүн гүнзгий ойлгосон. Ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог яагаад дэмжих ёстойг, ардчиллыг бэхжүүлэхэд иргэний нийгэм хэрхэн оролцохын үнэ цэнийг ойлгосноор “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаа 2014 онд байгуулах гайхалтай туршлага болж чадсан.

-“Бодлогод залуус хяналт” ТББ-ын өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаас юуг онцлох вэ?

-Манай байгууллага яг залуучуудынхаа бүлэгт хүрч ажиллаж чаддагаа маш том давуу тал гэж хардаг. Бодлого гэдэг биднээс маш хол сонсогддог үйл явцад залуус оролцох, хянах боломжтой гэдгийг харуулж, үлгэрлэж байгаа болов уу. Бидний амжилттай ажиллаж буй маш олон жишээ хэлж болно. Хамгийн тодорхой үр дүн бол улс төрийн санхүүжилтийг ил тод болгох тал дээр бид 2017 оноос эхлэн тууштай ажиллаж байна. Бид 2017 оны сонгуулийн зардлын тайланг төрийн байгууллагуудаас хүлээн авч чадахгүй байсан тул Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж, анх удаа олон нийтэд танилцуулж чадсан. Энэ хүрээнд сонгуулийн үед нэр дэвшигч, улс төрийн намуудаас гаргадаг зардлыг тайлагнах, хянах үйл явцыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг нотолж, саналаа 2020 оны Сонгуулийн тухай хууль, Үндэсний аудитын газрын зардлын тайлангийн журам, маягтыг боловсруулахад тусгуулсан.

Мөн сонгуулийн өдрийн иргэний нийгмийн, сайн дурын хөндлөнгийн хяналтыг 2016 оноос хойш бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Бидний үйл ажиллагаа Монгол Улсад тулгамдаж буй гол асуудлууд болох авлигыг бууруулах, олон нийтийн сонгуульд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд тодорхой хэмжээнд хувь нэмэр болох болов уу.

-Бэрхшээлтэй, үр дүн гаргаж чадахгүй байгаа ажлууд бий юу?

-Сонгуулийн зардлыг тайлагнах үйл явц харьцангуй тодорхой болсон ч олон нийт танилцах, хүлээн авах боломж хангалтгүй байсаар байна. Хэдийгээр 2022 оноос  Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа ч энэ хуулиар улс төрийн намууд мэдээлэл хариуцагч болсон үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй байна. Мөн зардлын тайланг хүлээн авч, хянаж буй байгууллага болох Үндэсний аудитын газар нам, нэр дэвшигчдээс гаргасан анхдагч тайлантай танилцах боломжийг олгохгүй байгаа нь иргэдийн мэдэх эрхийг хангахгүй байгаа үйлдэл мөн юм. Тиймээс манай байгууллагаас хуулийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комисст гомдол гарган, гомдлынхоо хариуг хүлээж байна.

Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлагдах Улс төрийн намын тухай болон санхүүжилтийн хуулиуд батлагдахгүй байгаа нь нийгэмд маш олон асуудлыг дагуулж байна. Уг нь салбарын судлаач, УИХ-ын гишүүдийн оролцоотойгоор уг хуулийн төсөл боловсруулагдаж, хэлэлцүүлэхэд бэлэн болоод байгаа боловч энэ талаар улс төрийн санаачилга дутагдаж байгаа.

-“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр та сонгогдсон. Таныг Зөвлөлдөх зөвлөлд ороход маш олон хүн эмэгтэйчүүд, иргэний нийгмийн болон залуучуудын төлөөлөл гэж харсан. Тэр хэрээр таны үүрэг хариуцлага, ачаа илүү нэмэгдсэн байх?

-2022 оны УИХ-ын 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлаар иргэдийн санал бодлыг тодруулж, тодорхой шийдэл санал болгохоор зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэр гаргасан. Манай байгууллагын зүгээс залуусын дуу хоолойг хүргэх, иргэний утга учиртай оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллуулахаар Удирдах зөвлөлөөс миний материалыг хүргүүлсэн. Нэлээн адармаатай үйл явц өрнөж, хоёр ч удаа Төрийн байгуулалтын байнгын хороо санал асуулга явуулсны үндсэн дээр эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллөөс хоёр эмэгтэй гишүүн сонгогдсон. Намайг хуульч мэргэжилтэй, иргэний нийгэмд арав гаруй жил ажилласан, салбараа мэддэг, залуучуудын төлөөлөл гэдэг үүднээс сонгосон байх. Гэхдээ залуучуудаас маш цөөн хүн материалаа хүргүүлсэн болов уу гэж бодсон.

Иргэний нийгэмд хамтран ажилладаг хүмүүс “Мандхай эмэгтэйчүүд, иргэний нийгэм, залуусын төлөөлөл учраас гурав дахин их ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн. Тийм ч болохоор нийгэм, эдийн засаг, соёлын эрх, нийгмийн хүрээний асуудлыг судалж томьёолоод асуултуудыг боловсруулах багийг ахалж ажиллаж байлаа. Эхний үед эдгээр асуудлуудад голлож анхаарлаа хандуулсан.

-Зөвлөлдөх зөвлөл олон нийтийн төлөөллийг бүрэн хангаагүй гэж цөөнгүй хүн шүүмжилсэн. Энэ шүүмжлэл оновчтой юу?

-“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэгтэй учир Зөвлөлдөх зөвлөл мэргэжлийн бүтэцтэй байх нь чухал юм билээ. Энэ зөвлөлд олон нийтийн төлөөллийг бүрэн хангах хуулийн заалт байхгүй. Харин Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хүрээнд төрийн ямар нэгэн тогтолцоонд аль нэг хүйс хэт давамгай байж болохгүй гэсэн зарчмын заалтыг хэрэгжүүлж чадаагүй. Цаашид энэ үйл явцыг илүү боловсронгуй болгож сонсгол хэрэгжүүлэх, тодорхой журмыг баталдаг байх талаар санал хүргүүлэх хэрэгтэйг олж харсан.

-Гэтэл “Бодлогод залуусын хяналт” ТББ нэр дэвшүүлсэн төлөөллөө Зөвлөлдөх зөвлөлөөс эгүүлэн татсан. Энэ үйл явдлын талаар та өөрийн байр сууриа хэлээч?

-Манай байгууллагаас УИХ-ын 80 дугаар тогтоолд зааснаар улс орны нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууна гэсэн хүлээлттэйгээр Зөвлөлдөх зөвлөлд ажиллах шийдвэрийг гаргасан. Гэтэл санал асуулгын асуултад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс “Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх, хянан үзэх шаардлагатай юу?” гэсэн асуултыг асуулгадаа оруул гэсэн чиглэл өгсөн. Үүнийг Зөвлөлдөх зөвлөлийн зүгээс хүлээн авах шийдвэр гаргасан нь манай байгууллагын үнэт зүйлтэй нийцэхгүй, хууль зүйн тогтвортой байдлын эсрэг эрсдэлтэй алхам гэж үзсэн тул төлөөллөө эгүүлэн татах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан.

Тодруулбал, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль өөрөө Үндсэн хуульд нийцэх ёстой байтал уг сурвалж болсон хуулийнхаа эсрэг, хуулиас давсан шийдвэрийг гаргаж буй нь гол асуудал болж байна. Хэрэв санал асуулгад оролцсон иргэдийн зүгээс одоогийн ардчилсан Үндсэн хуулиа халах саналыг гаргавал, бид ардчилсан бус нийгэм рүү шилжих эрх зүйн үр дагаврын эхлэл болох вий гэдэгт бид сэтгэл зовниж байна. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн маш олон асуудал тулгамдаж байгаа энэ цаг үед хууль зүйн тогтворгүй байдал үүсэх нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Тиймээс байгууллагын зүгээс одоогийн ардчилсан Үндсэн хуулийнхаа тогтвортой байдлыг хангах нь өнөөдөр тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх арга зам гэж үзэж, залуус иргэдийг анхааралтай байхыг уриалан ажиллахаар шийдвэрлэсэн юм.

-Ярилцсанд баярлалаа. Таны иргэний нийгмийн цаашдын үйл хэрэгт өндөр амжилт хүсье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Мандхайхатан: Бодлого гэдэг маш хол сонсогддог үйл явцад залуус оролцох, хянах боломжтой  
Үзсэн: 2762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй