Шууд Chart

Э.Рэнцэнханд: Гадаад оюутнууд Америкт мэргэжлээрээ ажиллана, визтэй болно гэдэг маш том өрсөлдөөн

2023-03-08 07:44:21

MNB.mn сайт “Редакцын зочин” буландаа

-Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны одоо ажиллаж, амьдарч буй улс орон болон таны ажил албаны гүйцэтгэх үүргийн талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо.

-Би одоо Зүүн Африкийн Уганда улсад Олон улсын дүрвэгсдийн байгууллагад төслийн зохицуулагчаар ажилладаг. Дэлхий дахинд хамгийн олон дүрвэгчийг эх орондоо орогнуулдаг орны нэг нь Уганда. Уганда энх тайван, ямар нэгэн дайн дажингүй орон. Харин Угандатай хил залгаа болон ойролцоох Өмнөд Судан, Конго, Бурунди зэрэг улсад мөргөлдөөн гардаг. Үүнээс үүдэн маш олон тооны дүрвэгч Уганда руу ирдэг. Одоогоор 1.5 сая гаран дүрвэгсэд энэ улсад амьдардаг. Угандагийн Засгийн газар дипломат харилцаа, олон улсын хөрөнгө оруулалт болоод өөр олон шалтгаанаар дүрвэгсдийг хүлээж авдаг. Манай байгууллага Уганда ирж байгаа дүрвэгсдэд анхан шатны буюу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүд, хүүхдийг хамгаалах, эдийн засгийн хувьд чадавхжуулах зэрэг туслалцаа үзүүлдэг. Угандад дүрвэгсдийн долоон хуаранд тусламж туслалцаа үзүүлж байна.

Би төслийн зохицуулагчийн хувьд манай байгууллагаас хэрэгжүүлж буй бүх л төслийн чанар, стратегид голчлон анхаарч ажилладаг.

Сар болгон Угандагийн хөдөө, орон нутгуудад байрладаг дүрвэгсдийн долоон хуаранд очиж, үйлчилгээ авч буй дүрвэгсэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсож, төслүүдийнхээ чанарыг илүү сайжруулах тал дээр ажилладаг. Хоёрдугаарт, төслүүдийн стратеги. Манай байгууллага стратеги ээ гурав гурван жилээр боловсруулдаг. Дүрвэгсдийн санаа бодлыг стратеги, төлөвлөлтдөө оруулах, стратеги ээ төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжүүлэхэд зохицуулалт хийдэг.

-Уганда улсыг зорихын өмнө таны урд маш олон “хаалга” нээлттэй байсан байх. Гэтэл яагаад Африк тивийг, тэр дундаа Уганда руу явах сонголт хийсэн бэ?

-Сонирхолтой асуулт байна. Угандад ирэхийнхээ өмнө Олон улсын дүрвэгсдийн байгууллагын Нью Йорк хот дахь төв салбарт ажиллаж байсан. “Хүн болгоны очихыг хүсдэг, асар их боломж гарч ирдэг, дэлхийн хөгжил цэцэглэлтийн төв Нью Йорк хотыг яагаад орхиж, хүнд хэцүү замыг сонгож байгаа юм бэ, яагаад заавал алс холын Африк тив, Уганда улсыг сонгосон юм бэ” гэж хүмүүс их гайхаж асуудаг. Одоо заримдаа “ямар зоригтой үйлдэл хийгээ вэ” гэж өөрийгөө боддог. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа мөрөөдлийнхөө дагуу шийдсэн. Миний бага нас Монголд гэр хороололд түүнийг тойрсон нийгмийн асуудлууд дунд өссөн. Багаасаа л нийгмийнхээ асуудлуудыг шийдэх юмсан, яаж өөрийн хувь нэмрээ оруулах вэ гэж боддог байлаа. Европт, дараа нь Америкт сураад ажиллаж амьдрахдаа зөвхөн Монголынхоо гэлтгүй дэлхий нийтийн асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулаад, өөрийн потенциалаа нэмэрлэе гэсэн зорилго, мөрөөдөлтэй болсон.

Дэлхий дахины хөгжлийн хамгийн их эрэлт хэрэгцээ хаана байдаг вэ гэвэл хүн төрөлхтөн дуу нэгтэйгээр Африк тив гэж хэлэх байх. Энэ нь ч үнэн. Учир нь ядуурал, өвчин зовлон гэх мэт олон асуудал Африкт бий. Мөн байнгын халуун цаг агаартай газар нутаг учир түүнийг дагаад эрүүл мэндийн асуудлууд бий болсон.

Би өмнө нь оюутан байхдаа Угандад нэг сарын хугацаатай ирэхэд Угандагийн соёл, хоол хүнс, цаг агаар, хүмүүсийнх нь зан чанар таалагдсан л даа. Тиймээс боломж гарвал дахин ирнэ дээ гэж бодсон.

Намайг Нью Йорк дахь салбарт ажилладаг байхад манай байгууллага 40 гаруй оронд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан. Тухайн үед Угандад орон тоо гарсан юм. Гэхдээ олон улсын ажилтан болж өөр улс орнуудад ажиллахаар сонгогдохын тулд орон орны хүмүүстэй өрсөлддөг. Тэр дундаа над шиг хөгжиж буй орны хүн АНУ, Герман зэрэг өндөр хөгжилтэй орны хүмүүстэй өрсөлдсөн гэсэн үг. Маш олон шат дамжлагыг давж тэнцсэн.

Нэгдүгээрт, багын мөрөөдөлдөө хөтлөгдсөн, хоёрдугаарт, зөн совингоо дагасан болохоор Угандад ажиллах шийдвэрийг маш хурдан гаргасан. Залуу насны зориг зүрх минь ч бас нөлөөлсөн л дөө. Зөв алхам хийсэн үгүйг минь цаг хугацаа л харуулах байх. Угандад, ажилдаа дасаж байгаа. Гэхдээ зарим үед надаас нэлээд тэвчээр шаарддаг.

-Уганда улсад хэр урт удаан хугацаанд ажиллаж, амьдрах вэ?

-Угандад хоёр жил ажиллана гэсэн хугацаатай ирсэн. Одоо хагас жил өнгөрч байна. Магадгүй өөр боломж гарч ирэх эсвэл би энд 3-4 жил болох ч юм билүү сайн хэлж мэдэхгүй байна.

15-ТАЙДАА СҮРЬЕЭ ТУСЧ, УУШГИНД НҮХ ҮҮСЧИХСЭН, ДОТУУР ЦУС АЛДАХ Ч ЭРСДЭЛТЭЙ МАШ ХҮНД ӨВДСӨН

-Таны бичсэн “Амазон”-ы бестселлер “Stigmatized”номын талаар нэлээд дэлгэрэнгүй хариулт авмаар байна. Учир нь таны “Stigmatized”ном монгол хүний бичсэн номууд дундаас олон талаар шинэ хуудас нээсэн, амжилт дэвшил авчирсан?

-Баярлалаа. Би шүлэг яруу найрагч бичдэг, уран уншдаг, “Хүрэл тулга”, “Уран жиргээ” наадамд тасралтгүй ордог хүүхэд байв. Бүр сургууль, дүүргээсээ шалгараад улсын хэмжээний “Хүрэл тулга” наадамд орж байлаа. Англи хэлтэй больё, гадаадад дээд боловсрол эзэмшье гэсэн зорилго тавьснаасаа хойш шүлэг яруу найргийг хойш нь тавьсан. Би 15 настайдаа сүрьеэ тусч, уушгинд нүх үүсчихсэн, дотуур цус алдах ч эрсдэлтэй маш хүнд өвдлөө. Тухайн үед сүрьеэгээр ядуу, бохир заваан орчинд амьдардаг хүн л өвддөг гэсэн ташаа ойлголт, тэр хэрээр сүрьеэгээр өвдсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага түгээмэл байсан.

Би Зүүн салаанд өссөн. Тэр үед нэг айлын  өрхийн тэргүүн нь нэг туранхай ах сүрьеэгээр өвдчихсөн,долоо билүү найман хүүхэдтэй айл байдаг байлаа. Сүрьеэтэй айл гээд хүмүүс их цэрвэдэг, бүр сүрьеэ тусчих вий гээд тэр ахтай зөрөхдөө хүртэл зайгаа барьдаг байсан. Тэр хавийн хүмүүс “хүүхдүүд нь хүртэл сүрьеэтэй” гэж ярьдаг байсан. Сүүлд тэр ах сүрьеэгээр нас барчихсан. Тэр үед л би сүрьеэ өвчний талаар анх сонсож, их л аймшигтай өвчин юм байна гэсэн төсөөлөлтэй болсон. Гэтэл төгсөх ангид гэнэт л цустай ханиалгаж, уушгиар хатгаж, амьсгал боогдоход ээж намайг эмнэлэгт үзүүлж сүрьеэгээр өвдсөнөө мэдэв.

Намайг үзсэн эмчийн харилцаа, хандлага хүртэл их сонин санагдсан. Би Европт бакалаврт сурахаар болчихсон байсан л даа. “Гадаадад оюутан болох гэж байгаа юм уу. Ямар мундаг хүүхэд вэ” гэж ярьж байсан тэр эмч намайг сүрьеэтэй гэдгийг мэдээд зай бариад, амны хаалт зүүсэн. Тэр үйлдэл нь 15 настай надад маш хүнд туссан. Зүүн салааны сүрьеэгээр нас барсан ахад, гэрийнхэнд нь хүмүүс хэрхэн ханддаг байсан нь санаанд орсон. Намайг, гэр бүлийг минь гадуурхах байхдаа гэрийнхнээ л хөлдөө чирчихлээ гэж өөрийгөө зэмлэсэн дээ. Тэгээд хоёр сар хөл хорионд байсан. Одоо коронавирусний үед хөл хорио хүмүүст энгийн санагдах байх. Тухайн үед 15 настай надад хүнд байсан. Сүрьеэгийн эмнэлэгт хэвтэхэд хоригдож байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Би найзууддаа Хятад явлаа гэж хэлээд эмнэлэгт хэвтсэн. Хамт хэвтэж байгаа бүх л хүүхэд найзууд, ангийнхандаа мөн л худлаа хэлээд эмнэлэгт хэвтсэн юм билээ. Хүмүүст хэлээгүй учраас аав, ээжээс нь өөр хүнээс эргэлт ирэхгүй.

Миний хувьд эдгэж Европ, АНУ-д сурч, ажиллаад сүрьеэтэй холбоотой дурсамжаа ор тас мартсан. Харин коронавирусний халдвар дэгдэж хөл хорио тогтооход өвдсөн дурсамжаа санасан. Коронавирусний халдвар дэгдэхэд би Монголд байсан юм. Сүрьеэгээр өвдсөн үед эмчилсэн эмчтэйгээ таарч, тэр үеийн талаар ярилцсан. Тэгээд л номоо бичихээр шийдэж, бичихэд хоёр жилийг зарцуулсан. Би их азтай.Ном минь хэвлэгдэнгүүт шууд НҮБ-ын харьяа Сүрьеэтэй тэмцэх байгууллага ажилтнууддаа олгох, хурал цуглаанд үзүүлэнд байрлуулах зорилгоор 1000 хувийг худалдаж авсан нь, Женев дэх НҮБ-ын байранд миний ном хадгалагдана гэдэг нь маш сайхан санагдсан. Мөн “Амазон”-д миний ном адил категорид байршиж зэрэг худалдаанд гарсан номуудаасаа борлуулалтаараа тэргүүлж бестселлер болсон.

GLOBAL FUND”-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛЧЭЭР СОНГОГДСОН

-Номоо яагаад англи хэлээр бичсэн бэ. “Монгол хэлээрээ хэвлээч” гэсэн хүсэлт хэр их хүлээн авдаг вэ?

-Номоороо өөрийн түүхээ нээлттэйгээр бусадтай хуваалцсан. Монголчууд хүнд муугаа үзүүлэхийг хүсдэггүй. Аль болох сайн сайхан яваагаа харуулах гэж хичээдэг. Миний ном үүний эсрэг “алхам” болсон. Гадны улсуудад сул талаа болон туулж буй бэрхшээлийнхээ тухай ярих, бусдад нээлттэй байхыг хүмүүс нь хэдийн хүлээн зөвшөөрчихсөн. Үүнээс гадна номонд дурдагдсан өвчний онош, зарим нэр томьёо монгол хэл рүү хөрвүүлэгдээгүй, англи хэлээр уншвал ойлгоход амар. Тиймээс л номоо англи хэлээр бичиж, хэвлэсэн.

Гол зорилго нь миний 15 настайдаа мэдэрсэн таагүй мэдрэмжийг, хүнд цохилтыг авсан, түүнээсээ ангижирч чадахгүй байгаа хүмүүс өөртэйгөө ажиллаад, урагшлаасай гэж хүссэн. Сүрьеэ туссан хүүхдүүдээс “Таны номыг уншсан, таалагдлаа” гэсэн маш олон зурвас ирдэг. Өсвөр насныхнаас “Stigmatized” номоо монгол хэлээр хэвлэж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаа.

Мөн Нэгдсэн үндэстний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээнүүдээс номынхоо талаар, энэ сэдвээр илтгэл, лекц уншаач гэсэн олон урилга ирдэг. Номоо хэвлээд долоон сар өнгөрч байна. Энэ хугацаанд олон арга хэмжээнд оролцож номынхоо болон сүрьеэ өвчний талаар яриа хийж байгаа. Сүрьеэ, хамхуу, ДОХ өвчинтэй тэмцэх үйл ажиллагаа явуулдаг “Global Fund”-ий хөтөлбөрийн элчээр сонгогдсон. Ингэснээр “Global Fund”-ийг төлөөлөөд эрдэм шинжилгээний том хэмжээний болон бага хуралд оролцож, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн шийдвэрт дуу хоолойгоо илэрхийлдэг. Учир нь шийдвэр гаргагчид аливаа асуудлыг шийдэхдээ тухайн асуудлыг дайраад өнгөрсөн хүмүүсийн үзэл бодлыг сонсохгүйгээр шийдвэр гаргах тохиолдол бий. Тиймээс олон улсад шийдвэрлэх гэж буй асуудлыг нь туулаад гарсан хүмүүсийн дуу хоолойг сонсгодог.

-Мэдээж таны өмнөх үеийнхнээс АНУ болон Европт тэтгэлгээр мэргэжил эзэмшсэн олон хүн бий. Гэхдээ таны үеийнхэн өнөөгийн залууст Америк болон өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад үнэ төлбөргүй сурч төгсөнө гэдэг биелэхгүй холын мөрөөдөл биш юм шүү, маш ойрхон шүү гэдгийг биеэрээ үлгэрлэсэн гэж бодогддог. Улаанбаатар хотын Зүүн салаанд амьдардаг охин АНУ-д үнэ төлбөргүй бакалавр, магистрын боловсрол эзэмшиж Нью Йорк хотод ажиллах хүртлээ ямар замыг туулсан бэ?

-Би багадаа “The Pursuit of Happyness”, UBS телевизээр гардаг байсан “Friends”, “American idols” үздэг байсан. Тэр кино, цувралуудаас заавал баян тансаг, боломжийн гараанаас эхлэхгүйгээр тэгээс эхэлсэн ч хүн амжилтад хүрэх боломжтой гэдгийг мэдэрсэн. “The Pursuit of Happyness” кино бүр ариун цэврийн өрөөнд хонотлоо шалдаа буусан ч хожим Америкийн санхүүгийн салбарын том тоглогч болсон хүний бодит амьдралаас сэдэвлэсэн. “American idols”-ийг үзээд хүн авьяасаараа алдар нэрд хүрч болдог юм байна гэсэн бодол төрсөн. Жаахан хүүхдийн ухаанаар энэ бүхэн биелдэг газар Америк юм байна гэж бодсон. Тэгээд Америк явахын тулд англи хэл сурах ёстой гээд өдөр, шөнөгүй яг л номын цагаан солио туссан хүн шиг англи хэл сурсан. Мөн бага ах минь Японд их сургууль төгссөн, одоо тэндээ ажиллаж амьдарч байгаа. Бага ах сурахаар Япон улсыг зорьсноор миний Америкт сурах мөрөөдөлд минь маш том урам зоригийг асааж өгсөн л дөө.

Би шууд АНУ-д сураагүй. Анх Болгар дахь Америкийн их сургуульд бизнесийн удирдлага, эдийн засгийн ангид элсэж хоёр жил сурахдаа Америк явах мөрөөдлөө хаяагүй. АНУ-ын их сургуулиуд, тэтгэлгийг судалж л байсан. Мөн Болгараас Work & Travel-ээр АНУ-д очиж ресторан, зочид буудалд угаагч, үйлчлэгч, худалдагч хийдэг байлаа.

ХАРВАРД, КОЛУМБ, БЕРКЛИ, СТЭНФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ДУНД АЗИЙН ХӨГЖИЖ БУЙ ЖИЖИГ ОРНООС ИРСЭН, ГАНЦААРХНАА УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТӨГССӨН ОХИН МӨР ЗЭРЭГЦЭН АЖИЛЛАСАН

Хоёрдугаар курсдээ Зүүн Теннесси мужийн их сургуульд шилжин ирэх оюутнуудад зориулсан тусгай тэтгэлэг байдгийг мэдэж, дахин хэлний шалгалтуудаа өгч, бүх материалаа бэлтгээд илгээсэн. Хоёр сарын дараа тэнцсэн гэсэн хариу имэйл хүлээн авсан. Хүний амьдралыг өөрчилсөн имэйл маш гоё. Тэр мэйл миний амьдралыг өөрчилсөн. Тэгж л АНУ-г зорьж, Зүүн Теннесси мужийн их сургуульд бизнесийн удирдлага эдийн засаг, маркетингийн чиглэлээр буюу давхар мэргэжилтэй бакалавраа дүүргэсэн.

Миний давуу тал гэвэл АНУ-д оччихоод ч сэтгэл ханаагүй. Зарим монгол оюутан маш их хичээж АНУ-ын сургуульд элсчихээд ханачихдаг. Сургуулиа төгсөөд Монгол руугаа буцаад ирдэг санагддаг. Миний хувьд оюутан байхдаа дотуур байрандаа болон багшийн туслахаар ажилласан, оюутны клуб байгуулсан, сайн дурын ажил хийсэн. Ерөөсөө зүгээр суудаггүй байсан болохоор хоёр жил маш хурдан өнгөрч, их сургуулиа медальтай, нэр хүндтэй төгссөн. Гэхдээ их сургуулиа төгсөх жил ажлын байр надад тулгарсан маш том шалгуур болсон. Учир нь миний төгссөн Зүүн Теннесси мужийн сургууль сайн сургууль ч гэлээ дэлхийн топ сургуулиудын нэг хараахан биш. Ялангуяа гадаад оюутнууд Америкт мэргэжлээрээ ажиллана, визтэй болно гэдэг маш том өрсөлдөөн.

Нью Йорк хотын захиргааны харьяа агентлагууд жил бүр их сургуулийн төгсөгч нарын дунд зохион байгуулдаг тэмцээнд орсон. Тэр тэмцээн 1300 оюутнаас 25 оюутныг шалгаруулж, хотын захиргааны харьяа агентлагуудад нэг жилийн хугацаатай ажиллуулж, туршлага хуримтлуулахад нь тусалдаг. Би тийм аймаар өрсөлдөөнтэй, шалгууртай тэмцээнд материалаа явуулсан байгаа юм. Тэгсэн тэнцчихсэн. Гэхдээ би өөрийгөө тэнцэнэ гэж ерөөсөө хүлээгээгүй (инээв). Харвард, Колумб, Беркли, Стэнфордын их сургуулийн төгсөгчдийн дунд Азийн хөгжиж буй жижиг орноос ирсэн, ганцаархнаа улсын буюу Зүүн Тениссигийн их сургууль төгссөн охин тэнцчихсэн. Намайг маш их хичээл зүтгэлтэй байсан болохоор боломж олгохоор шийдсэн байх. Тэгж л анх Нью Йоркод хөл тавьж байлаа.

Тухайн үед би англиар маш өргөлттэй ярьдаг байсан. Дан ганц англи хэл гэлтгүй мэдлэг чадварын хувьд хамт хөтөлбөрт орсон хүмүүсээс хэд дахин тааруу байсан. Тэр нэг жил би улам сайжрах гэж маш их хичээсэн. Хүн ер нь мундаг хүмүүсийн дунд орчихоор өөрөө хичээх юм бол маш хурдан сайжирдаг юм билээ. Би Нью Йоркийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах агентлагт нэг жил мэргэжилтнээр ажиллаж асар их туршлага хуримтлуулсан. Нью Йорк хотын даргатай уулзсан, тэгэхдээ түүнийг их сургуулиа төгсөөд миний тэнцсэн хөтөлбөрт мөн оролцож, шилдэг 25-ын нэг болж байсныг мэдсэн. Тэр нэг жил дуусах дөхөхөд би цаашаа хэрхэх тухайгаа бодож, дэлхийн топ сургуульд мастерт сурч, өөрийгөө батлан харуулах зорилго тавьсан. Нью Йоркод Колумб, Нью Йоркийн их сургууль гэсэн дэлхийн шилдэг хоёр их сургууль байдаг. Хоёуланд нь материалаа илгээж Нью Йоркийн их сургуулийн 100 хувийн тэтгэлэгт тэнцсэн. Тэгэхдээ 100 гаруй мянган элсэгч материал илгээснээс арван хүүхдэд байхаа 100 хувийн тэтгэлэг олгохоор болоход би багтсан. Одоо бодоход би хичээл зүтгэлтэй, хийсэн бүтээсэн зүйл ихтэй байсан ч маш их азтай хүн. Мөн би Нью Йоркийн их сургуулийн элсэлтийн эссэ, ярилцлагадаа сүрьеэгээр өвдсөн тухайгаа буюу хожим “Stigmatized” номоороо дэлгэрэнгүй өгүүлсэн түүхээ дурдсан. Ер нь АНУ-ын их сургуулийн элсэлтийн комисст өөрийн хувийн түүх намтраа нууж хаалгүйгээр дэлгэх нь зөв гэж бодсон. Явж явж хүний өнгөрсөн түүх, намтар л хэн бэ гэдгийг нь тодорхойлдог. Надаас элсэлтийн ярилцлага авсан хүмүүс мөн намайг энэ түүхээ ирээдүйд бусадтай хуваалцаарай гэж хэлсэн нь эргээд бодоход “Stigmatized” номоо бичихэд их нөлөөлж.

МАСТЕРТ СУРЧ БАЙХ ХУГАЦААНДАА ДЭЛХИЙН БАНКАНД ДАДЛАГА ХИЙХЭЭС ГАДНА ДЭЛХИЙН БАНК, НҮБ, НЬЮ ЙОРК ХОТЫН ЗАХИРГААНД CONSULTANT-ААР АЖИЛЛАСАН

Нью Йоркийн их сургуульд Нью Йорк хотын council member, парламентын гишүүний зөвлөх, НҮБ-ын залуу элч тэргүүтэй олон мундаг хүнтэй хамт төрийн удирдлага, төрийн бодлого чиглэлээр сурсан. Мөн мастерт сурч байх хугацаандаа Дэлхийн банканд дадлага хийхээс гадна Дэлхийн банк, НҮБ, Нью Йорк хотын захиргаанд consultant-аар ажиллаж, асар их туршлага хуримтлуулсан. Төгсөлтийн баяртаа аав, ээж хоёрыгоо оролцуулсан минь амьдралын минь гайхалтай гоё мэдрэмж.

Төгссөнийхөө дараа Олон улсын дүрвэгсдийн байгууллагад урилгаар ажилд орж, хоёр жил зургаан сар Нью Йорк хотод ажилласан.

Би Америк улсад их талархдаг. Монголд хэд хэдэн тэтгэлэгт материалаа өгөөд нэг ч удаа тэнцэж байгаагүй. Харин Америкт тэтгэлгүүд, виз, ажлын байрыг надад итгэж боломж олгож байсан болохоор энэ улсад маш их баярладаг.

-Ахлах сургуулиа төгсөхдөө хаанаас халдвар авч өвдсөн гэдгээ сүүлд мэдсэн үү. Гэр бүл тань өвдсөн үү?

-Би ахлах ангид ороод хотын төвийн ерөнхий боловсролын сургууль руу шилжиж сурсан. Зүүн салаанаас хотын төв рүү автобус замын түгжрэлээс үүдээд хоёр цаг орчим хугацаанд явдаг. 08:00 цагт эхлэх хичээлдээ амжихын тулд 05:00 цагт босож, 05:40 гэж гэрээсээ гараад 06:00 цагт дүүрэн хүнтэй хөдөлдөг автобусанд суух шаардлагатай болно. Автобус хүн багатай үед англи үг цээжилнэ. 13:00 цагт хичээл тарахаар 20:00 цаг хүртэл номын санд сууна. Орой автобусанд суугаад бас хоёр цаг орчим хугацаанд түгжирч явсаар гэртээ 22:00 цаг гэж ордог. Хоолоо идчихээд 03:00 цаг хүртэл англи хэлээ давтаж, TOEFL-ийн шалгалтад бэлддэг байсан. Тэгээд хоёр цаг унтаад л 05:00 цагт босно. Аав, ээж хоёр хоол авч идээрэй гээд өдөрт 1000 төгрөг өгнө. Би тэр мөнгийг нь хааяа цайны жигнэмэг авч идвэл иднэ ихэнхдээ хоол унданд биш ном, интернэтэд зарцуулчихдаг байлаа. Нойр сайн авдаггүй, бүхэл өдөржин хоол унд бараг иддэггүй байсан болохоор дархлаа унаж, байнга л дүүрэн хүнтэй автобусанд явдаг байсан болохоор автобусанд л халдвар авсан байх. Азаар манай гэрийнхэн сүрьеэгээр өвдөөгүй.

-Таны аав, ээж одоо гавьяаныхаа амралтад гарчихсан байх, ямар мэргэжлийн ажил эрхэлж байв. Та айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээс нь танаас өөр гадны оронд ажиллаж амьдарч буй хүн бий юу?

-Би айлын бага. Ах эгч нар минь ойр ойрхон төрсөн. Харин би хол насны зөрүүтэй. Аав минь цэргийн хүн, ээж агрономич.

Аав, ээж хоёр минь ах, эгч нарыг минь дээд боловсрол эзэмшүүлэхээр 13 дугаар хороолол дахь байраа зараад Зүүн салааны гэр хороолол руу нүүсэн юм, хүүхдүүдийнхээ боловсролын төлөө маш их золиос гаргасан гайхамшигтай хүмүүс.

Том ах болон эгч маань Монголдоо ажиллаж амьдардаг. Ээж, аав минь тэтгэвэртээ гарчихсан. Аль болох санааг нь зовоохгүй амар тайван байлгая гэж боддог ч бага ах бид хоёрыг хол байгаа болохоор санаа сэтгэл нь зовнидог байх.

-Арван жилийн өмнөх үетэй харьцуулахад Улаанбаатар хотын гэр хорооллууд зах руугаа тэлж, тэнд ч бяцхан зүрхнүүд амьдарч байгаа. Танд тулгарсан түгжрэл, сүрьеэгийн өвчлөл өдгөө ч бий. Та хэдий эх орноосоо хол байгаа ч гэсэн Монголд байгаа тэдгээр хүүхдүүдэд мэдэх, чадахаараа туслах тэмүүлэл, зорилго мэдээж байдаг байх?

-Тийм ээ. Би олон хүүхдэд менторлодог. Монголд байх хугацаандаа МУИС-ийн гурван эмэгтэй оюутныг менторлосон. Одоо менторлодог таван хүүхэд бий. Надаас зөвлөгөө авъя гэж сошиал хаягуудаар минь холбогдсон бүх л хүүхдэд зөвлөгөө өгч байгаа. Гэхдээ үнэхээрийн цаг завгүй үед хүсэлт ирвэл холбогдож ярилцах цагаа хойшлуулах, дараа товлох үе бий.

Мөн Монголдоо очиж ажиллах зүрх сэтгэл бий. Гэхдээ тэр хүртэл өөрийгөө хөгжүүлж, илүү туршлага хуримтлуулж, дэлхийн хүн болохыг зорьж байна.

-Таны түүх яг л Болгарт байхад Зүүн Тениссигийн их сургуулиас танд очсон мэйл шиг олон хүний амьдралыг өөрчлөх байх гэж итгэж байна. Цаг зав гаргаж ярилцсанд гүнээ талархлаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Рэнцэнханд: Гадаад оюутнууд Америкт мэргэжлээрээ ажиллана, визтэй болно гэдэг маш том өрсөлдөөн  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй