Шууд Chart

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

2025-10-14 10:21:32

Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 24 мега төслийн нэгээр “Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлж буй.

Төслийн барилга угсралтын ажлыг хоёр үе шаттай гүйцэтгэнэ.

Нэгдүгээр үе шатанд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Тодруулбал, ухмал байгуулах ажил 94.8 хувь, далан байгуулах ажил 95 хувь, дам нуруут гүүрний ажил 90 хувь, дөрвөлжин болон дугуй хоолойн ажил 74.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Багахангай Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам нь Хөшигийн хөндийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дамжин, Хөшигийн хөндий хүрнэ. Нийт 102.5 км урттай, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай баригдана. Харин хоёрдугаар үе шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэлх 14.6 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм. Төслийн эхний үе шатны газар шорооны ажлыг Монгол Улсын 37 компани гүйцэтгэж байна. Нийт бүтээн байгуулалтын ажилд 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн оролцоно.

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын ач холбогдол:

  • Жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дамжихгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх шинэ дэд бүтцийг нэвтрүүлнэ.
  • Хотын төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдийн замын хөдөлгөөний ачаалал буурна. Өнөөдрийн байдлаар эдгээр гармыг хоногт дунджаар 144 минут хааж байгаа бол төслийн үр дүнд ачаалал 20-30 хувиар буурна.
  • Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна.
  • Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжинэ.

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй