Шууд Chart

Эгэл хөдөлмөрийн эрхэм дүр

2023-03-16 13:19:33

Энэ удаагийн буланд уригдсан зочны маань талаар Дохиолол холбооны II ангийн ашиглалт хариуцсан орлогч дарга О.Насанбат “Манай Лхагваа ах олон жил ажилласан хамгийн туршлагатай төмөр замчин. Удам залгасан төмөр замчид ажилдаа хандаж байгаа хандлага, хамт олныхоо дотор өөрийгөө авч яваа байдал гээд юм юмаараа ялгардаг. Тэдний нэг бол яах аргагүй Амгалан өртөөний механикч Г.Лхагваа. Тийм ч учраас ангийн удирдлагын зүгээс түүнд хамгийн өндөр ачаалалтай гармуудыг хариуцуулсан хэрэг. Г.Лхагваа механикч эзэмшсэн мэргэжилдээ гаргуун төдийгүй хамт олныхоо дунд зүй ёсоор хүндлэгдсэн хүн учраас Амгалангийн хэсгийн хамт олныг их эвсэг, найрсгаар зангидан нэгэн зорилгын доор бэхжүүлж чадсан яваа юм” хэмээн товч тодорхойлсон.

Удам залгасан төмөр замчны үргэлжлэл

Гүнчингийн Лхагваа гэх энэ эрхмийн аав нь Замын II ангид барилгын мастер ээж нь Их барилга хөрөнгө оруулалтын албанд ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг байжээ. Тэдний дөрвөн хүүхдийн том нь Г.Лхагваа. Түүнийг 1983 онд наймдугаар ангиа төгсөх үед сургууль дээр нь  Төмөр замын техникумын Замын авто механикын анги, Барилгын анги, Холбооны анги гэсэн хуваарь ирсэн аж. “Тухайн үед аав маань “Миний хүү дохиолол холбооны ангид нь ор. Амьдралд чинь их хэрэгтэй” гэж хэлсэн. Ингэж л миний төмөр замчин болох үндэс суурь тавигдсан юм. Миний аав говьд таван жил дараа нь Зүүнхараад мөн таван жил ажилласан. Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн юм билээ. Ингээд манай гэр бүл 10 жил шугам замд ажиллаад төв рүүгээ орж ирсэн. Тухайн үед шинэ залуу төмөр замчдыг бодлогоор шугам замд заавал ажиллуулдаг байж. Говийн хүнийг хангай руу, хангайн хүнийг говь руу томилон ажиллуулж байж дараа нь хот руу татдаг тогтолцоо бол шинэ залууст замынхаа нөхцөлийг бүрэн мэдүүлээд зогсохгүй амьдралын ухаанд сургах том агуулга байж дээ гэж боддог. Би ч мөн адил сургуулиа төгсөнгүүтээ Дохиолол холбооны II ангид хуваарилагдаж 1993-1997 онд Мандал өртөөнд механикчаар ажилласан. Ингээд хүүхдүүд маань сургууль орж эхлэхэд төв рүүгээ шилжсэн. Өнөөгийн залуус юу юугүй л төв рүү яриад, бүр анхнаасаа хотод ажилд орох арга сиймхий хайгаад байх болж. Бүгд төв суурин руу шилжээд байвал шугам замд хэн ажиллах юм бэ. Уг нь, шугам зам бүхэлдээ амьдралын сургууль юм шүү дээ. Орчин цагийн хүүхдүүд шугам зам руу томилогдсоноор галаа түлж хүртэл сурч байна. Цэргийн албанд ч явдаггүй өнөө цагийн хүүхдүүдэд энэ бол маш том боломж. Хөдөө буйд газарт ажиллаад үзсэн хүн аливаа бэрхшээлийг даван туулж сурна, бие дааж, ажил алба, ар гэрээ авч явах ухаанд ч суралцана. Энэ агуулгыг эцэг нь эх нь хүүхдүүддээ ойлгуулж, дэмжих хэрэгтэй.  Одоо Замын хэмжээнд шилэн кабелийн системд бүрэн шилжээд ажлын ачаалал ч хөнгөрчихсөн. Бидний үед агаарын шугамтай байсан учраас бэрхшээл их байлаа. Зүггүй хүүхэд төмөр утас тохуулан шидэх төдийд л гэмтэл гарна.  Шувуу гэмтэл гаргасан шалтгаанаар хүртэл дуудлагад явдаг байв. Машинтай, мотоциклтэй, явган гээд л “Баянбуурал” амралтын газраас 324 дүгээр км хүртэл хэсэглэлд ёстой л жим гартал явсан даа. Байгалийн  давагдашгүй хүчин зүйл тохиох бүрт манай ил байгууламж гэмтэнэ. Дуудлага гарлаа бол цасан шуурга, аадар бороо, харанхуй шөнө хамаарахгүй ажилдаа  гарах ёстой. Энэ бол холбооны мэргэжлийн гол онцлог” хэмээн ажил мэргэжлийнхээ тухай хүүрнэсэн юм.

Охидоо гэх аавын сэтгэл

Г.Лхагваа өөрөө удам дамжсан төмөр замчин төдийгүй гэр бүлийн хүрээлэл нь ч төмөр замчид аж. Тухайлбал түүний охин нь Хүүхдийн секторт ажилладаг бол хүргэн нь мөн л холбооны механикаар ажилладаг. Энэ тухайд “Ах нь гурван охинтой. Тэдний маань ээж ч төмөр замчин. Одоо нэг дүү минь Замын II ангид ажиллаж байна гээд яривал манайх төмөр замчин гэр бүл юм даа. Хүний амьдралд юу эс тохиох вэ. Гэрийн эзний хувьд ар гэрээ, үр хүүхдүүдээ өнгөтэй өөдтэй авч явах юмсан гэсэн хүсэл эрмэлзэлээр Эрээн рүү ганзагын наймаа ч хийлээ. Дэлгүүр хоршоо хоосорч картын системд шилжсэн эд материалын ид хомсдолын үе л дээ.  Эрээнээс авчирсан бараагаа “Дэнжийн мянга”-д очоод л бөөндөцгөөдөг байв. Дараа нь Солонгос руу гарч хоёр жил хар ажил хүртэл хийж үзсэн. Намайг Солонгос руу явах үед том охин маань 11, дундах нь ес, бага нь гурван ойтой байсан. 1999 онд шүү дээ. Ах нь мэргэжлээрээ 12 жил ажиллаад ийнхүү харийн орныг зорьсон юм. Хүний газар мөнгөний төлөө ажиллана гэдэг ямар зүйл болохыг тэгэхэд би яс махандаа шингэтэл ойлгосон. Өвдөх эрхгүй, хагас дутуу амралттайгаар хүнд нөхцөлд өөрийгөө авч явна гэдэг үнэхээр амаргүй. Хүнд хүчир ажил хийхэд урссан хөлс нүд, ам руу орно. Ингэж дуслуулсан хөлсний амт ямар шорвог болохыг, дараа нь цалингаа авах мэдрэмж ямар байдгийг, тийм хэмжээний хичээл зүтгэлээр олдсон мөнгийг хэрэгтэй зүйлдээ зарцуулахад юу бодогдох вэ гэдгийг туулж гарсан хүн өөрөө л мэдэрдэг юм билээ. Эх орондоо мэргэжлээрээ ажиллах. Хүний нутагт хар ажил хийх хоёр газар тэнгэр шиг ялгаатай л даа. Ядуу буурай орноос очсон бидэнд ажил олгогч эзэд яаж ч бодсон элгэмсэг хандахгүй. Ажлаа дуусгасны дараа дугтуйтай мөнгө  өгнө. Хэн хэн нь хэдэн төгрөгийн цалин өгснийг хэн ч мэдэхгүй. Тухайн үеийн хүмүүс амьдарлаа авч явахын тулд юуг туулж байв тэр бүгдийг л ах нь туулсан. Гэхдээ би “Миний нэрээр овоглосон, миний үргэлжлэл болох гурвын гурван охин байгаа учраас аав, ээжийн хайр халамжийн алийг нь ч дутааж болохгүй. Ямар ч байсан энэ гурвыгаа ажил амьдралтай нь залуулах ёстой” гэдгийг л байнга боддог байлаа. Миний мэргэжлийн онцлог үр хүүхдүүдэд маань бас тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу гэж боддог. Гурван охин минь одоо бүгдээрээ ажил мэргэжилтэй, ариун шударга хөдөлмөрөөрөө амьдарч байна. Том охин маань Чойрын Онцгой байдлын газарт, дунд охин Хүүхдийн секторт, бага нь хоёр жилийн өмнө АШУИС-ийг төгсөөд хувийн эмнэлэгт дүрс оношлогооны эмчээр ажиллаж байна. Гэрт нь хэн ч яваад орсон эмх цэгцтэй, нямбай байдагт аавын хувьд баяртай л явдаг юм. Миний аав ээж хоёулаа Туул зөрлөгт гавьяаны амралтаа эдлээд энх тунх сууж байгаа. Ер нь, амьдрал хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, бас урьдчилан тааварлашгүй баялаг шүү дээ” хэмээн туулж өнгөрүүлсэн амьдрал, хөдөлмөрийн он жилүүдийнхээ талаар дурсан ярьсан юм.

Зорьсноо биелүүлэх эрхэм чанар

Г.Лхагвааг Төмөр замын сургуульд орох үед  түүний аав “Цаг хугацаа, сахилга хариуцлага гэдэг ойлголт төмөр замд номер нэгт тавигддагыг хэзээ ч мартаж болохгүй шүү” гэж захисан гэдэг. Тиймээ, хөргийн маань эзэн аавынхаа захиасыг нэр төртэйгөөр биелүүлж, эзэмшсэн мэргэжлийнхээ талбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эгэл жирийн төмөр замчин. “Төмөр замын холбоо дохиоллын байгууламж гэдэг хүүхдийн зулай шиг эмзэг, нарийн зүйл. Маш хянуур болгоомжтой л ажиллахгүй бол хамгийн наад зах нь тогонд цохиулах эрсдэл алхам бүрт дагалдаж явдаг. Цаад зах нь төмөр замаар тээвэрлэгдэж байгаа улсын онц чухал, тэсрэх дэлбэрэх аюултай, өндөр үнэ өртөгтэй ачаа, бараа, олон мянган зорчигчийн амь нас аюулгүй байдал бүгд холбооны мехникчийн ажлын хариуцлагатай шууд холбогддогийг хэзээ ч мартаж болохгүй. Намайг төмөр замчнаар анх орж ирэхэд ахмад мехникч нарын хэлж заасан бүхэн л миний амьдралыг өдий зэрэгт хүргэж дээ гэж би боддог. Тийм ч учраас багш шавийн гэрээгээр намайг дагалдан дадлагажиж байгаа залууст чаддаг мэддэгээ бүгдийг нь зааж өгөхийг хичээдэг. Залуу мехникч нар “Би Лхагваа ахаас л энэ зүйлийг сурсан даа” гээд л бусдад ярьж байвал тэр нь миний бахархал. Ер нь, хүнд аливаа зүйлийг заахдаа сэтгэлд нь хоногшиж, зөв дадал хэвшил тогттол нь заах хамгаас чухал. Холбоочдын мэргэжлийн онцлог гэвэл галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой, цаг наргүй, байгаль цаг уурын таагүй байдал халуун, хүйтнийг үл ажран ажиллах онцгой үүрэгтэй, өндөр хариуцлагатайд оршиж байгаа юм.  Гэмтэл саатал гарлаа л бол шөнө, өдөр, аадар бороо, цасан шуургатай байх нь хамаагүй. Утас дуугарахад л тушаал авсан цэрэг шиг гүйхээрээ очно шүү дээ. Энэ салбарт 30-аад жил ажиллахдаа минут, секундийн үнэ цэнэ ямар вэ гэдгийг л хамгаас илүү ойлгож авлаа. Сайн ажилласан гэж шагнал урамшил авч л байлаа. Ажлын хариуцлага алдаж шуурхай зөвлөгөөнд ч орж л явлаа. Ажлын технологи зөрчигдөхөөс эхлээд хүн л юм хойно алдаа дутагдал гаргана шүү дээ. Гагцхүү нэг алдаагаа давтаж болохгүй. Холбоочин хүн ажилдаа хэзээ ч хариуцлага алдах ёсгүй. Дутуу дулимаг зүйл хийвэл нөгөө ажил дээрээ буцаад л дуудах нь тодорхой. Тийм ч учраас хийсэн зүйлээ заавал ахин дахин нягталж, хянаж шалгаж байх дадлыг нэн тэргүүнд өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Нэг боолт л дутуу чангалаад орхивол шөнө дунд дуудагдана шүү дээ. Ийм нарийн онцлогтой мэргэжилд олон жил ажиллахаар амьдралын хэвшил ч тэгж тогтдог юм байна. Ах нь гавьяаны амралтаа авахад ердөө нэг жилийн л хугацаа үлдлээ. “Хэвийн бус нөхцөлд ажилладаг хүн өөрөө хүсвэл 55 нас хүрээд тэтгэвэр тогтоолгож болдог заалттай шүү дээ. Миний хувьд энэ хугацаа хүртэл л ажиллана гэж бодож байгаа. Ангийн удирдлага бол намайг “гар” гэж шахахгүй л дээ. Ажиллаад байж болно. Гэхдээ аливаа зүйл цаг хугацаандаа л байх ёстой гэж би боддог” хэмээснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.

Тэр бусад хүмүүсийн адил эгэл даруухан амьдралын хэмнэлээр ажиллаж хөдөлмөрлөж яваа нэгэн. Түүний туулсан амьдрал онц гойд адал явдалгүй, магадгүй хэн нэгэнд хэт энгийн санагдаж болох юм. Гэхдээ түүний бүтээсэн энэхүү эгэлхэн хэрнээ эрхэм зураглал нь элдэв өнгө будаг холилдсон эрээн бараантай хорвоогийн дахин давтагдашгүй чанар, энэ цагийн залууст тэр бүр тохиохгүй үлгэрлэл ч байж болох.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эгэл хөдөлмөрийн эрхэм дүр  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй