Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

2023-03-22 09:40:26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа буюу 2018 онд Баян-Өлгий аймагт ажиллаж, Наурызын баярт оролцсон.

Энэ үеэрээ Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга, хүүхдийн эмнэлэг, 250 хүүхдийн цэцэрлэг, Ховд голын төмөр бетон гүүрийг авто замынх нь хамт, Төрийн үйлчилгээний нэгдсэн байр, Цагааннуур – Улаанбайшинт чиглэлийн авто зам, Өлгий сумын үерээс хамгаалах далан барих зэрэг асуудлыг шийдвэрлэсэн юм.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийг өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэр танилцуулав.

Тухайлбал, 50 ортой хүүхдийн эмнэлгийн шинэ барилга 2020 оны 12 дугаар сард ашиглалтад оржээ. Ингэснээр тус эмнэлгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, өнгөрсөн онд 2,600 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна.

Харин одоо баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга нь хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулатори, эмгэг судлалын тасаг гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа юм.

Тус барилгын ажлын явцыг түргэтгэх, мөн нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай алсын дуудлагын машин зэргийг нийлүүлэх хэрэгцээ байгааг Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук энэ үеэр хэлж байлаа.

Шинэ барилга ашиглалтад орсноор Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, аймгийн нийт хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэдгийг эмнэлгийн удирдлагууд онцолж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Баян-Өлгий аймагт дагалдан ажиллаж буй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тус эмнэлгийн барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, барилгыг ашиглалтад оруулахад Засгийн газрын зүгээс анхаарал хандуулж ажиллана гэдгийг энэ үеэр хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус эмнэлэгт ажиллах үеэр орчин үеийн, өндөр хүчин чадалтай хэв авиан оношилгооны төхөөрөмж, хүүхдийн тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2022 онд 182,050 удаагийн амбулаторийн үзлэг хийж, 18,087 хүнд урьдчилан сэргийлэх үзлэгийн үйлчилгээ үзүүлжээ.

Тус эмнэлэг нь 1940 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 422 ор, 22 тасаг, нэгж, 472 эмч, мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Болд [127.0.0.xxx] 2023-03-23 08:46
Хагалгаа хийсэн үү

Бидэнтэй нэгдээрэй