Шууд Chart

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв

2023-03-28 16:16:26

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монголбанкнаас төслийг “маш нууц” тэмдэгтэй ирүүлсэн боловч 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Төрийн болон албаны нууцын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу эрдэнэсийн сангийн асуудал төрийн нууцаас хасагдсан болохыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулаад, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон” үндэслэлээр ил болгохоор заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг нээлттэй хэлэлцэв. Төслийн талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцууллаа.

Монгол Улсын Эрдэнэсийн сан 2022 онд 22.9 тонн үнэт метал худалдан авч, гадаад валютын улсын нөөцийг 878 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Төв банкны Дэд ерөнхийлөгч тус сангийн 2022 оны төсвийн гүйцэтгэл болон үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” хэмээн заасныг үндэслэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг анхны хэлэлцүүлэгээр нь батлуулахыг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй