Шууд Chart

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт буцаалаа

2023-03-31 08:40:07

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэний дараа Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг нээлттэй горимоор хэлэлцэж эхэллээ. Эдгээр төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийн газрын асуудлаарх зохицуулалт болон төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, тасралтгүй байх зарчмыг алдагдуулахгүйгээр төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгчид гэрээ байгуулан ажиллах зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, төмөр замын суурь бүтэцтэй нэг түвшинд огтлолцох авто зам болон бусад төрлийн суурь бүтцийн зураг төслийг боловсруулахдаа төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцдөг байхаар өөрчлөн найруулах санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдав. Тэрбээр, төмөр замын суурь бүтцийн болон хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэх, төмөр замын тээвэрлэлттэй холбогдох зөвшөөрлийн харилцааг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгодог байх, төмөр замын тээврийн тарифыг нээлттэй, оновчтой тогтоох асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий төмөр замын тээврийн тарифын орон тооны бус зөвлөл бий болгох зэрэг санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтын төмөр замын суурь бүтэц ашиглах тусгай зөвшөөрөл, 14.1.4 дэх заалтын төмөр замын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдэд давхардуулан олгохыг хориглох тухай санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэсэн юм.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа тус Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлэгт буцаах санал гаргасан юм. Тэрбээр, Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл дээр Ажлын хэсэг нэмж ажиллах, зарим асуудлаар санал хураах, Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэл дурдав. Түүний гаргасан энэхүү саналаар санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувь дэмжсэн тул Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт буцаалаа.


Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт буцаалаа  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй