Шууд Chart

Зургаадугаар сарын 3-Дэлхийн дугуйн өдөр

2023-06-03 12:33:09

Зургаадугаар сарын 3-Дэлхийн дугуйн өдөр. Дэлхийд дугуй үүсэж хөгжсөний 205 жилийн ойн нэрэмжит Богд хайрханаа тойрон гороолсон дугуйн аялал өнөөдөр болж байна. 

Уншигч танд унадаг дугуйн үүсэл, хөгжлөөс танилцуулахаар бэлтгэлээ.


Унадаг дугуй бол хүний булчин шөрмөсний үйл ажиллагаагаар хөдөлдөг, хөл гишгүүр буюу дөрөөг жийж явдаг, арын болон урд хэсэгтээ их биед нь хавсаргасан хоёр ширхэг дугуйтай, нэг мөртэй хуурай замын тээврийн хэрэгсэл юм.

Унадаг дугуй бол хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл болж чадсаны гол нууц нь хөнгөн, бага зай эзэлдэг, мөн хямд төсөр, түлш шатахуун хэрэглэгдэггүйд оршиж байна.

2005 онд Их Британи улсад явуулсан олон нийтийн санал асуулгаар дугуй бол 1800 оноос хойших үеийн хамгийн агуаа зохион бүтээлсэн техникийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөгдсөн байна.

1817 оноос өмнөх үед хамаарах түүхийн эх сурвалжид унадаг дугуйны тухай бичиж тэмдэглэсэн зүйл байдаггүй. Сэргэн мандлын үеийн эрдэмтэн Леонарда да Винчи өөрийн сурагч Жакомо Капроттид илгээсэн бичигтээ унадаг дугуйг дүрсэлсэн зураг хавсаргаж байжээ.

Унадаг дугуйг 1800 оны үед Артамонов гэдэг тариачин эр зохион бүтээсэн тухай домог байдаг. Энэ домогт тариачин эр Уралын нурууны Верхотурье гацаанаас Москва руу дугуйгаар явсан тухай өгүүлдэг байна.

Оросын эзэн хаан 1-р Александр тариачин эрийг дугуй хийж аялсан эр зоригийг нь үнэлэн хамжлагат ёсноос чөлөөлж байжээ.

Одоо энэ дугуй "Нижний Тагил" хотын орон нутгийг судлах музейд хадгалагдаж байна. Энэ дугуйны химийн бүтцэд хийсэн шинжилгээгээр 1870 оноос өмнө дугуйг хийсэн нь нотлогдсон байна.

1-р Александр хаан 1801 онд Оросын хаан ширээнд заларсан түүхтэй. 1817 онд Германы эрдэмтэн Карлсруэ хотын барон Карл фон Дрез хоёр дугуйтай өөрөө явагч хийж байжээ.

Түүний хийсэн дугуй нь дөрөөгүй байсан ч орчин үеийн дугуйтай маш төстэй байлаа. 1818 онд Баден-Баден хотод фон Дрез өөрийн зохион бүтээсэн өөрөө явагчдаа патент авсан байна. Дрезийн машин удалгүй Их Британид түгэн дэлгэрч “денди-хорз” гэдэг нэр авсан байна.

1939-1840 онд Шотландын өмнөд хэсэгт оршдог жижиг тосгоны оршин суугч, мужаан Киркпатрик Макмиллан герман эрдэмтэний бүтээлийг улам боловсронгуй болж дөрөө, эмээл нэмжээ.

Макмиллан орчин үеийн дугуйг 1845 онд Английн зохион бүтээгч Р.У.Томпсон хийлдэг резин дугуй зохион бүтээжээ. Ингэснээр техникийн том дэвшил гарлаа. 1862 онд Францын Нанси тосгоны 19 настай зохион бүтээгч Пьер Лалман англид явж байхдаа “денди-хорз”-ыг олж хараад дөрөө нэмжээ.

Лапман Макмилланы хийсэн дөрөөтэй дугуйг огт мэдээгүй байжээ. Лапманы дугуйны дөрөөг хөлөөрөө биш, харин гараараа эргүүлдэг байжээ. 1963 онд Лапман Парист ирж дугуйгаа хийсэн байна. 1864 онд Лион хотын аж үйлдвэрийн эзэн ах дүү Оливье нь Лапмантай хамтран ажиллах санал гаргажээ. Ингээд тэд хамтдаа "денди-хорз"-ыг үйлдвэрлэх болжээ.

Лапман 1866 онд Америкт очиж өөрийн хийсэн унадаг дугуйндаа патент авсан байна. 19-р зууны 70-аад оноос "пенни-фартинг" гэдэг төрлийн дугуй түгээмэл болжэ. Урд дугуй нь арын дугуйнаасаа ялимгүй том болжээ. Урд дугуйн дээр нь дөрөө нь байрлаж байлаа. 1867 онд зохион бүтээгч Каупер дугуйг нь хигээстэй болгожээ. Тэгвэл 1818 онд английн зохион бүтээгч Лоусон дугуйнд гинж, араа нэмж байрлуулжээ.

Өнөөгийн бидний унаж байгаа дугуйг Rover гэж нэрлэдэг байна. Түүнийг 1884 онд английн зохион бүтээгч Жон Кемп Старли зохион бүтээж 1885 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Rover-ийн урд, хойд дугуйны хэмжээ нь яг ижилхэн, мөн арын дугуйндаа араа нь байрлаж байлаа. Стралигийн хийсэн дугуй нь хамгийн аюулгүй гэж хүлээн зөвшөөрөгджээ. Rover фирм нь хожим машин үйлдвэрлэдэг томоохон компани болж өргөжсөн. Энэ компани 2005 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл оршин тогтнож байгаад татан буугдсан юм.

1888 онд Шотландын иргэн Жон Бойд Данлоп каучукаар дугуй хийжээ. Энэ хийлдэг дугуй нь 1845 онд зохион бүтээгдсэн дугуйнаас харьцангуй боловсронгуй болсон байлаа. 1898 онд унадаг дугуй гар тормозтой болжээ. 20-р зууны эхээр дугуйны хурдыг нэмэгдүүлэхийн тулд араа сольдог механизмыг бодож олжээ. 20-р зууны хоёрдугаар хагаст унадаг дугуй улам боловсронгуй болжээ. 1974 оноос титанаар дугуй хийдэг болсон юм. 1905 оноос хойш дэлхийн олон оронд машин үйлдвэрлэгдэг болсон тул дугуй хэрэглэх хүний тоо багассан байна. Жишээ нь, Америкт 20-р зууны эхээр дугуй бол замын хөдөлгөөнд саад учруулж байна гэж адлагдах болов. 1940 он гэхэд унадаг дугуй бол хүүхдийн зугаа гаргах зүйл гэж тооцогдож байлаа.

Харин 1960 оноос унадаг дугуй хөгжингүй орнуудад дахин "мода"-нд орлоо. Эрүүл амьдралын хэвшлийг нэг нь унадаг дугуй гэж сайшаагдаж байлаа. Манай хойд хөрш Орос улсад Дружок, Лёвушка, Ветерок, Олимпик, Школьник, Орлёнок, Кросс, Кама, Десна, Салют, Уралец, Украина, Аист, Урал, Турист, Старт-шоссе зэрэг маркийн унадаг дугуй үйлдвэрлэж байлаа.

Эдгээрээс зарим нь манай улсад ч орж ирж байсан. Унадаг дугуй зохион бүтээсэн нь бусад төрлийн тээврийн хэрэгслийг зохион бүтээхэд эерэг нөлөө үзүүлжээ. Унадаг дугуй хийхэд ашигладаг технологи нь хожим машин, онгоц үйлдвэрлэхэд хэрэглэгдэх болсон юм. Дэлхийд алдар цуугаа мандуулсан Ровер, Шкода, Morris Motor Company, Опель зэрэг компани нь анх унадаг дугуй үйлдвэрлэж бизнесээ эхэлж байлаа.

Унадаг дугуйны ачаар замын чанар сайжирсан байна. 19-р зууны сүүлээс дэлхийн олон орны шуудангийн алба унадаг дугуйг албандаа хэрэглэдэг болжээ. Жишээ нь Английн шуудангийн Royal Mail алба 1880 оноос унадаг дугуй ашигладаг болжээ. Мөн дугуй бол цагдаагийн газрынханы нэг унаа нь болж байлаа. Германы Mercedes-Benz компаний Зиндельфинген хот дахь ажилчид үйлдвэрийнхээ хашаан дотор унадаг дугуйгаар явдаг байна. тасаг хэлтэс бүр өөрийн өөрийн гэсэн өнгийн таних тэмдэгтэй дугуй унадаг. Унадаг дугуйг дайны үед ч хэрэглэж байлаа. Жишээ нь, 1937 онд япончууд Хятад руу довтолохдоо дугуй ашиглаж байлаа.

2001 он хүртэл Швед улсад дугуйтай цэргийн анги нэгтгэл оршин тогтнож байлаа. Хүн төдийгүй циркийн сургуультай амьтад ч бас дугуй унадаг. Дугуйтай үзүүлбэр орчин үеийн циркийн урлагийн нэг бие даасан тоглолт болж хөгжсөн билээ. Унадаг дугуйг зохион бүтээсэн даруйд л дугуйг уралдаан тэмцээн зохиогдох болжээ. 1891 онд Парис-Брест-Парис чиглэлээр олон өдрийн дугуйн тэмцээн зохиогдож байлаа. Харин 1903 оноос Тур де Франс дугуфйн уралдаан зохиогдох болсон билээ.

Одоо ч энэ тэмцээн дугуйн спортын хамгийн нэр хүндтэй уралдааны тоонд орж байна. Хямд төсөр зардал гаргаж олон зүйл үзэж сонирхох гэсэн жуулчид, аялагчид ч бас унадаг дугуй сонгож байна. Баруун болон хойд Европын орнууд, азийн Хятад, Вьетнам зэрэг улсад өнөөдөр ч унадаг дугуй чухал тээврийн хэрэгсэл гэж тооцогдож байна.Европын олон орны зочид буудалд унадаг дугуйн прокатын үйлчилгээ байдаг. Конпенгаген хотод унадаг дугуйг үнэ төлбөргүй, удаан хугацаагаар прокатаар авч болно. Гэхдээ унадаг дугуйг Конпенгаген хотоос өөр газар авч явахыг хориглодог. Өнөөдөр БНХАУ дугуй үйлдвэрлэлтээрээ тэргүүлж байна.

Дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа унадаг дугуйн 95 хувийг Хятадад үйлдвэрлэж байгаа билээ. Унадаг дугуйг зориулалтаар нь олон ангилж болно. Жишээ нь, зөвхөн хотын цардмал зам дээр явахад тохиромжтой хотын, бартаат замд унаж явах уулын, аялалд зориулсан жуулчны, бага зай эзэлдэг ЭВХЭГДДЭГ, уралдааны зориулалттай СПОРТЫН гэх мэтээр ангилдаг. Уулын дугуй бартаат замд найдвартай бол жуулчины дугуй ачаа даац сайтай. Хоёр ба түүнээс дээш тооны хүн суудаг дугуйг тандем гэж нэрлэдэг байна. Мөн илүү хурдтай явахын тулд хөдөлгүүртэй дугуйг ч зохион бүтээсэн байна

Унадаг дугуй XIX зуунд нийтийн хүртээл болсон бөгөөд одоо дэлхийн хэмжээнд нэг тэрбум орчим дугуй байгаа нь автомашинаас даруй хоёр дахин их байна.

-Модон дугуй: Хамгийн анхны унадаг дугуй бол модон унадаг дугуй байсан юм. Сүүлд модон материалыг металл болон хуванцар болгон өөрчилсөн байна. Гэхдээ эртний түүх давтагдаж Японы зохион бүтээгч Йожиро Ошима модон унадаг дугуйг бүтээжээ.

-Чоппер унадаг дугуй: Чоппер дугуй сүүлийн үед нэлээд "мода"-нд ороод байгаа. Custom Max унадаг дугуй өргөн дугуйтай бөгөөд та нэг жийхэд л хангалттай юм байна. Ретро загварын унадаг дугуй Cykno нэрт энэхүү унадаг дугуй нь цахилгаан хөдөлгүүртэй аж.

-Хамгийн хямд, хамгийн хөнгөн унадаг дугуй: Израилийн дизайнер Ицгар Гафни энгийн картоноор дугуй хийсэн байна. Хэрвээ картоныг давирхайгаар хучаад, усны хамгаалалттай, галын хамгаалалттай будгаар будвал унахад тохиромжтой гэнэ. 20 долларын үнээр зарагдах боломжтой гэсэн судалгаа ч бий. 

-Ачаанд зориулсан унадаг дугуй: Унадаг дугуйг ачаа тээвэрт ашиглах нь элбэг байдаг. Гэхдээ том ачаа зөөхөд хэцүүхэн байдаг учир Donkey хэмээх дугуйг бүтээсэн байна. Хоёр ачаатай учир ачааны жинг нэгэн жигд хуваарилахад тохиромжтой.

-Үүргэвчтэй унадаг дугуй: Аялалд дуртай идэвхтэй аялагчдад зориулан германы Бергмёнх компанийнхан эвхэгддэг, үүргэвчтэй унадаг дугуйг бүтээсэн байдаг.

-Зэвэрдэггүй төмрөөр хийсэн унадаг дугуй: Уралдааны мотоцикл мэт загвартай энэхүү унадаг дугуйг инженер Индрек Наруск бүтээжээ.

-Хулгайлагдах боломжгүй дугуй: Унадаг дугуйг хулгайлах тохиолдол нэлээд байдаг учир Британийн дизайнер Кевин Скотт нэгэн гайхалтай аргыг сэдсэн байна. Дугуйгаа шонд ороож түгжихэд л хангалттай юм. 

-Ауди-аас гаргасан спортлог дугуй: AUDI Worthersee нь хурдаа 5 төрлөөр тохируулах боломжтой юм байна. Хамгийн ихдээ 80 км/цаг хурдлах чадвартай. Заавал педалийг нь жийх хэрэггүй гэнэ.

-Нарны эрчим хүчээр ажилладаг дугуй: Ele дугуй нь нарны эрчим хүчээр мотороо цэнэглэдэг байна. Нарны тусгалд тааруулан 30 градус хүртэл эргүүлж болох бөгөөд наргүй үед энгийн тохиргоог сонгож шууд жийгээд явж болох юм байна.

-Өрөвтас: Дугуй нь хамгийн анхны тээврийн хэрэгсэл байжээ. Ялангуяа Оросын тосгонд дугуй унасан хүүхдүүд бусдын анхаарлыг нэлээд татдаг байсан байна. 

-Сурагч: Ахлах ангийнханд зориулсан унадаг дугуй. Үүний ачаар хүүхдүүд дугуйгаа хийлж, нөхөж сурсан юм шүү. 

-Урал: Ган хүрээ, бат бөх дугуй, хөл тоормостой энэхүү дугуй олон арван жилийн туршид ашиглагдах тээврийн сайн хэрэгсэл болсон байна.

-Жуулчин: Дээр үеийн хамгийн шилдэг, хамгийн хурдан унадаг дугуйны нэг байжээ.

-Аварга: Уралдахад нэн тохиромжтой эртний дугуй.

-Мото-унадаг дугуй: Оросын хамгийн анхны мопед ч гэж болно. 1960 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дугуй сонирхогчдын мөрөөдөл болж байсан гэдэг. 


Зургаадугаар сарын 3-Дэлхийн дугуйн өдөр  
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй