Шууд Chart

БНХАУ Путин, Ким нарын уулзалтыг хоёр орны хоорондын үйл явц гэж мэдэгдэв

2023-09-18 15:28:14

Орос, Умард Солонгосын эрх баригчдын Алс Дорнодод хийсэн дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгос, Япон, АНУ болон түүний Европ дахь түншүүдийг түгшээхүйц улс төрийн томоохон үйл явдалд тооцогдож байна. Харин Москва, Пёньяны аль алиных нь хувьд улс төр, эдийн засгийн томоохон түнш, уламжлалт холбоотон Хятад улс Орос, Умардын харилцааны энэхүү ойртолтыг эсэргүүцэх, хязгаарлахаас илүүтэйгээр үр ашгийг нь олж харж байна гэж шинжээчид үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Орос Умардын харилцааны энэ алхмыг АНУ-тай өрсөлдөх хүчний тэнцвэрт жин нэмэхүйц тэнхлэг гэж Бээжин үзэж байгаагийн зэрэгцээ Хятад бол Орос, Умард Солонгосын аль алинд нь маш чухал түнш учир тэд Бээжингээс нууцаар ямар нэг зүйл хийхгүй гэж  шинжээчид онцолсон байна. Хятад улс Оросд зэвсгийн тусламж үзүүлэх асуудалд ихээхэн болгоомжтой хандаж байгаа мэт боловч Өрнөдтэй харилцаа хурцадмал байгаа үед Орос чухал түнш нь хэвээр байгаа Умард Солонгосын дэмжлэгийг өөрийн геополитикийн тооцоололд түлхэц болно гэдэг өнцгөөс харж байж магадгүй юм байна.

БНХАУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Умард Солонгосын удирдагчийн Оросд хийж байгаа айлчлал бол хоёр орны хоорондын үйл ажиллагаа. Хятад, Умард Солонгос хоёр бол уул усаар холбогдсон найрсаг түншүүд. Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал зөвшилцөлд тулгуурлан бидний харилцаа урагшилж байгаа. Хоёр тал хоёулаа л олон салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр ажиллаж байна” гэж ярьжээ.



АНУ болон түүний Ази дахь гол холбоотнууд ч мөн Ким Жон Уны энэхүү айлчлал олон улсын хориг арга хэмжээг зөрчиж, зэвсгийн наймааны гэрээ байгуулах зорилготой гэж үзэж, хэрвээ Москвад зэвсэг нийлүүлбэл шинээр хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Бид Умард Солонгосыг Украинд явуулж байгаа Оросын дайныг дэмжихийн оронд олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалсаар байна. Хэрвээ хоёр тал зэвсгийн наймаа хийхээр шийдсэн бол бид зохих ёсны хариу арга хэмжээ авах болно” гэж онцолжээ.


 

Япон улсын гадаад харилцааны сайд Ёко Камикава “Умард Солонгост зэвсэг болон бусад холбогдох зүйлсийг нийлүүлэхийг бүрэн хориглосон Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж магадгүй нөхцөл үүсэж байна. Бид энэ асуудалд ихээхэн болгоомжилж, анхааралтай ажиглаж байна” гэж ярьжээ.

БНСУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лим Су-Сук “Умард Солонгос, Оросын хооронд зэвсгийн наймаа хийвэл энэ нь Өмнөд Солонгос, Оросын харилцаанд ихээхэн сөрөг үр дагавар гарна гэдгийг Москва мэдэж байх ёстой. Хэрвээ Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, манай аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулбал бид холбоотнуудтайгаа хамтраад хариу арга хэмжээ авах болно” хэмээсэн байна.



2019 оноос хойш Орос, Умард Солонгосын төрийн тэргүүн нарын хооронд болсон анхны дээд уулзалтаар өрнөдийн болгоомжлоод байгаа зэвсгийн наймааны гэрээ, тохиролцоонд хүрсэн эсэх нь бүрхэг үлдлээ. Харин ирэх сард ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров Умард Солонгост айлчлахаар төлөвлөж, одоогоор бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путин Умард Солонгосын удирдагчийн урилгыг хүлээн авсан. Цаашид бүх яриа хэлэлцээ дипломат шугамаар үргэлжилнэ гэдгийг Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна. Тэгэхээр дараа дараагийн эдгээр үйл явц уламжлалт түнш холбоотон орнуудын дунд ямархуу тохиролцоо хийгдэж, юу яригдаж байгаа нь илүү тодорхой болох болов уу гэж олон улс анхааралтай ажиглаж байна. 

Нийтэлсэн: В.Ариунчимэг

БНХАУ Путин, Ким нарын уулзалтыг хоёр орны хоорондын үйл явц гэж мэдэгдэв   
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй