Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа

2023-11-05 13:15:59

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа.

Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал амжилттай, өндөр үр дүнтэй болсон бөгөөд ирэх онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНСВУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахаар болсныг хэллээ.

Ирэх жилүүдэд найрсаг харилцаатай Монгол, Вьетнамын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд вьетнам хэлтэй боловсон хүчин чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж, сурлагын өндөр амжилт хүсэв.

Мөн хүн бүр суралцах хугацаандаа эх орноо төлөөлж буйгаа үргэлж санаж, эв нэгдэл, нэр төрөө эрхэмлэж явахыг захилаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа  
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй