Шууд Chart

Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

2023-11-28 09:48:08

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан хэрэгжүүлж буй “Өвлийн идэш арга хэмжээ" энэ сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ныг хүртэл нийслэлийн есөн дүүргийн тодорхой байршилд зохион байгуулагдаж байна. 

Хамтран зохион байгуулагчаар аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байна.  

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Жуковын талбайд өвлийн идэш арга хэмжээнд оролцож буй малчид болон ард иргэдтэй уулзав.

Энд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн малчид өргөтгөсөн худалдаанд оролцохоор ирсэн байна. Биднийг очиход өргөтгөсөн худалдаанд оролцох машинууд зогсоолын асуудалтай, хэсгийн ахлагч нар нь арай ирээгүй байлаа.

Харин махны өргөтгөсөн худалдааг сонирхохоор ирсэн иргэд цугларчээ. Зохион байгуулалт тааруу эмх замбараагүй байв.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин Н.Гүрбазар: Хонь, ямааны мах бэлтгэж оролцохоор ирсэн. Үхрийн мах, хонины мах 7000-8000 төгрөг, ямааны мах 5000-6000 төгрөгийн ханштай байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум өвөлжилт хүнд, цас их орж байна. Бэлчээрийн даац муу байгаа. Манай нутаг уг нь отрын бүс нутаг гэж явдаг. Анх удаа “Өвлийн идэш" үзэсгэлэн, худалдаанд оролцож байна. Малчдын гар дээрээс ард  иргэд махаа авах боломжтой юм. Хэсгийн ахлагч нартай нь уулзаж чиглэл авах гээд байж байна гэв. Малчид бид бүхэн хонь малаа төхөөрнө, түүнийгээ хот руу тээвэрлэнэ, ачна, буулгана гээд бүгдийг өөрсдөө хийж байна. Шатахууны үнэ өссөн байна гэв. 

Өвлийн идэш авахаар сонирхож буй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэд болон мах худалдан борлуулж байгаа малчдын сэтгэгдлийг нь сонслоо.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ц.Билгээ: Хотынхоо ард иргэдэд зориулж ийм ажил зохион байгуулж байгаа нь сайшаалтай байна. Зохион байгуулалт жаахан тааруу байна. Зогсоол байхгүй, ирж байгаа мах нь үнэтэй, хотын худалдааны захуудтай үнэ ханшийн хувьд адилхан байна гэв.

Орон нутгуудад өвөлжилт хүнд байгаа учир малчид махны үнэд 1000-1500 төгрөг нэмжээ. Дорнод аймгийн Эрээнцав сумын үхрийн үүцийг хоёр өрх айл хуваан 1.5 сая төгрөгт өрөөлдөж авч байгаа харагдав.

Бид цааш Төв цэнгэлдэх хүрээлэнд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн малчид оролцож байгаа өргөтгөсөн худалдаа руу хөдөллөө.

Зэрлэг чацаргана, аньс, үхрийн нүд, зөгийн бал болон сүү, цагаан идээ, аарц, өрөм, цагаан тосны үзэсгэлэн мөн дэлгэгджээ.

Махны үнэ ханшийг судлахад, үхэр 11000 төгрөг, хонь 7800 төгрөг, адуу 9000 төгрөгийн ханштай байна. Ааруул 30000-35000 төгрөг, аарц 5000-6000 төгрөгийн ханштай байв.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Сувд: Цагаан тос болон цагаан идээ жаахан үнэтэй байна. Махны үнэ малчдын гараас гэсэн боловч үнэтэй байна. Өмнөх жилийг бодвол үнэ их өндөр байна гэлээ. Аарц 10000 төгрөгийн ханштай байна. 

Нийслэлийн Баянгол дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдтэй хамтран "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Худалдаагаар өвлийн улиралд нийслэл хотын иргэдийг махны хомсдолгүй байлгах, малчид малын махаа дундын зуучлалгүйгээр худалдан борлуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Аймаг, орон нутгаас ирж байгаа малчид тухайн орон нутгийн мал эмнэлгийн газартаа шинжилгээ өгч, гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажуулсан кодтой. Өнөөдөр Дорнод, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймгийн малчид ирсэн байна.

Үхрийн махыг 9000-11,000 мянган төгрөг худалдаалж байна. Өглөө эрт ирсэн малчид махаа ард иргэддээ зориулан худалдаалж байна. Бид чанар аюулгүй байдлыг хангуулах ажлыг хийж байна. Нийслэлээс талбайн түрээсийн төлбөр авахгүй байгаа. Махны үнийн хувьд захын бөөний худалдаанаас 5000-1000 төгрөгөөр хямд худалдаалж байна гэв.

Манай сурвалжлах баг тус сурвалжилгыг бэлтгэхээс өмнө “Хүчит шонхор” захын махны үнэ ханшийн мэдээллийг авсан юм.

Үхрийн махны бөөний үнэ 8500-9500 төгрөг, жижиглэн 13500-14000 төгрөг, хонины махны бөөний үнэ 7000-8500 төгрөг, хонь жижиглэн 9000 төгрөг, адууны махны бөөний үнэ 6000-6500 төгрөг, жижиглэн 9500 төгрөг байлаа. 

“Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдааны байршил:

  • Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд – Архангай, Хөвсгөл аймаг
  • Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв – Хэнтий, Сүхбаатар
  • Баянзүрх дүүрэг Жуковын талбай – Дорнод, Хэнтий
  • Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд – Өвөрхангай, Төв,
  • Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу – Ховд, Увс,
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах – Булган, Говь-Алтай, Завхан аймаг
  • Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв – Дорноговь, Дундговь, Өмнөговь
  • Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв – Сүхбаатар аймаг
  • Налайх дүүргийн Налайх зах – Дорнод, Говьсүмбэр
  • Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн – Бүх аймаг

 

Нийтэлсэн: Т.Урангуа

Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна   
Үзсэн: 4287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-30 18:21
Ченжүүд нь дээл өмсчихөөд зараад байна шүү дээ.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-29 22:13
Нэгд мах үнэтэй. Мах их бохир байна. Бараг дэнжийн мянгаас илүү үнэтэй байгаад холбогдох хүмүүс анхаарвал зохистой. Иймээс өндөр махаа борлуулж байгаа хүмүүсээс татвар авах нь зохистой. Ийм өндөр үнээр зарагдаж байгаад дуусахаар захын мах хүссэн хүсээгүй өснө. Ер нь малчид гэх баталгаа алга. Арай дэндүү юм. Яг хөдөө байгаа малчид ирээгүй учир нь түлш олдохгүй гэсэн хүмүүс л байгаа сурагтай...

Бидэнтэй нэгдээрэй