Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2023-12-02 17:34:28

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-тэй уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Узбекистан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, иргэд хоорондын хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс болон Узбекистан Улс нь далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг тэргүүлэх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.

Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, “Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар тохирч, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Узбекистан Улсад тааламжтай цагтаа айлчлахыг Ерөнхийлөгч Ш.Мирзиёев урив.

 


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав  
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй