Шууд Chart

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулганд үг хэллээ

2023-12-08 09:37:44

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний VIII дугаар чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөл Монгол Улсын байгаль орчин, экологийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, гарц, шийдлийг тодорхойлохоор ээлжит үндэсний чуулганаа зохион байгуулж байгаа нь хүн төрөлхтний оршихуйн үндэс болсон байгаль эхийг хамгаалах, нөхөн сэргээх, хэтийн доройтлоос сэргийлэхэд өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглэв.

Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас хөрсний нэлээд хувь нь доройтож, гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэснийг олон судалгааны дүн харуулж байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төрийн бус байгууллагуудын оролцоо, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.

Тухайлбал, Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд дунджаар жилийн агаарын хэм 2.25-аар нэмэгдэж, хур тунадас 8 хувиар буурснаас гадна нийт нутаг дэвсгэрийн 4.7 хувь нь нэн хүчтэй, 18.6 хувь нь хүчтэй хөрсний доройтолд өртөж, 8 аймгийн нутаг дэвсгэрийн 50 хувь нь цөлжсөн байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт байгаль орчны чиглэлээр олон үйл ажиллагааг тусган хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах чиглэлд анхааран хандуулан ажиллаж байгааг хэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг жишээ болгон дурдлаа.

Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгав.

Мөн эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн байгууллагууд нэгдэн ажиллах нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа цэнгэг усны нөөцийг өвлүүлэн үлдээхэд хүн бүрийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Хөвсгөл, Ганга нуур, Хэрлэн гол, Бумбатын рашаан болон Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлуудыг хэрэгжүүлж байгааг хэлэв.

Тухайлбал, Ганга нуур нь нүүдлийн шувууд дамжин өнгөрдөг хамгийн таатай экосистемтэй нуур бөгөөд 2017 оны 8 сард цутгал булгуудын ширгэлт, элсэн шуурга болон нуур орчимд олон тооны мал бэлчдэгээс үүдэн бохирдож, нуурын усны 95 хувь нь ширгэж, түүхэнд зөвхөн зураг л үлдэх нөхцөл үүссэн юм. Энэ байдлыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалах ажлыг эхлүүлж, нуурын эргийг хашаажуулж малын бохирдлоос хамгаалах, усыг нь нэмэгдүүлэх худаг гаргах, элс, шороон шуурганаас хамгаалах ойн зурвас байгуулах зэрэг ажлыг төлөвлөгөөтэй өрнүүлснээр экосистем нь сэргэж, энэ жил ус нь 2005 оны түвшинд хүрчээ. Түүнчлэн жил бүр ирдэг шувуудын тоо олширсоор 2022 оны намар 7,500 хун цугласан байна. Одоо Ганга нуурын эх цутгал булгуудыг сэргээх, нуурыг хамгаалах ойн зурвасыг өргөтгөх, элс, шороон шуурганаас хамгаалах “чулуужуулах” ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар үндэсний чуулганаар байгаль, экологийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг жагсаан хэлэлцэж, санал шүүмжлэл өрнүүлж, тулгарч байгаа сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах, шийдвэрлэх арга замын талаар идэвхтэй хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл нь 21 аймагт салбартай бөгөөд улсын хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулганд үг хэллээ  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй