Шууд Chart

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр нэмэлт орлого олох боломж бүрдүүлнэ

2023-12-08 13:11:34

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн мөнгөн урамшуулал олгодог зохицуулалт олон улсад байдаг.

Тодруулбал, сэргээгдэх эрчим хүч хэрэглэн өрхийн болон байгууллагын эрчим хүчээ хангах, зохих нүүрсхүчлийн хийн хэмжээнээс багыг хэрэглэсэн тохиолдолд түүнийгээ арилжаалан, тодорхой хэмжээний нэмэлт орлого олох боломжтой юм. Ийм байдлаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болсон Улаанбаатар хотод ч мөн хэрэгтэй шийдэл.

Сэргээгдэх эрчим хүч нь нар, салхи, усны гэх мэт олон төрөл байдаг. Ногоон орчныг дэмжих хүрээнд сэргээгдэх эрчим хүч хэрэглэж буй айл өрхүүдэд нэмэлт орлого олох боломж бүрдүүлэх тогтолцоо дэлхийн олон оронд нэвтэрчээ. Монгол Улсад ч мөн энэ боломж бий гэдгийг нийслэлээс хэрэгжүүлсэн туршилтын үр дүн харуулсан юм. Тодруулбал, өнгөрсөн оны өвлийн улиралд таван айл нүүрс түлэлгүйгээр нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан, дулаанаа шийдэхэд өрх тус бүр эрчим хүчний зардлаа 70 хувь хүртэл хэмжээнд бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээнийхээ зөрүүгээр оноо цуглуулан 500 орчим ам.долларын нэмэлт орлого олох боломжтой гэсэн тооцоо гарчээ. Гэвч манай улсад хууль, эрх зүйн орчин байхгүй тул урамшуулал авах боломж хараахан бүрдээгүй байна. Иймд Монгол Улсад анх удаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль боловсруулан, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Монгол Улс 2030 он хүртэл хүлэмжийн хийг тодорхой хэмжээгээр бууруулах амлалтыг олон улсын гэрээ буюу Парисын хэлэлцээрээр хүлээсэн. Энэ амлалтаа биелүүлж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эсвэл ялгаруулах хэмжээнээсээ багыг ялгаруулбал карбон кредит авах буюу бууруулсан хэмжээгээ арилжаалах боломжтой юм. Уг зах зээлд оролцож, карбон кредитийг арилжаалбал тодорхой хэмжээний орлого олж, санхүүжилт авч болно гэсэн үг. Тиймээс сэргээгдэх эрчим хүч хэрэглэж, шахмал түлшний хэрэглээгээ бууруулан, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгасан айл өрхүүд энэ зах зээлээс орлого, санхүүжилт авах нөхцөл, боломжийг өргөн хүрээнд бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд жилд бид хэр хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж, тэр нь ялгаруулах ёстой хэмжээнээс хэр бага байна, хэдээр бууруулсан байна гэдгээ хэмжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал байна” хэмээлээ.

Энд онд нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 70 гаруй айлд сэргээгдэх эрчим хүчээр дулаан, цахилгаан шийдэх туршилт хийх юм. Туршилтууд эхнээсээ амжилттай болж буй тул илүү үр дүнтэй болгохын тулд нийслэлийн холбогдох байгууллагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яамнаас хамтарсан Ажлын хэсэг гаран Уур амьсгалын өөрчлөлтийн тухайн хуулийн төслийг боловсруулж байна. Уг хууль батлагдвал сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн, нэмэгдүүлсэн айл өрх, албан газар жил бүр нэмэлт орлого олох боломж бүрдэнэ.

 


Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр нэмэлт орлого олох боломж бүрдүүлнэ  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй