Шууд Chart

Өвөрхангай аймгийн бичил уурхайчид ногоон төгөл байгуулахыг зорьж байна

2023-12-08 14:56:47

Өвөрхангай аймгийн бичил уурхайчид аймгийнхаа төвд ногоон төгөл байгуулахаар зорьж байна.

Бүтээн байгуулалтын эхлэл болгож Арвайхээр хотын 8-р  багт байрлах Өлзийт овоо хайрханы урд энгэрт 2021 онд 1200 мод тарьжээ.

Энэ ажилд аймагтаа бичил уурхай эрхэлдэг 40 гаруй нөхөрлөлийн гишүүн бүгд оролцсон юм. Аймгийн удирдлагууд дэмжиж, байгаль орчны мэргэжилтнүүд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллажээ.

Хамтын хүчээр хад асган дунд мод тарьж, ургуулж чаддаг жишээг харуулсандаа баяртай байна гэж Өвөрхангай аймгийн зохицуулагч Г.Дэлгэрмаа ярилаа.

Тэд хайлаас, бургасаас гадна 600 чацарганы мод тарьсан юм. Чацаргана энэ намраас жимсээ өгч эхэлсэн байна.

Жил ирэх тусам ургац нэмэгдэж жимсний гарц сайжирна. Энэ үед хурааж аваад сургууль, цэцэрлэгт нийлүүлж хүүхдүүдийн өглөөний болон үдийн цайны үеэр өгөхөөр төлөвлөж байгаагаа ч ярилаа.

Анх суулгаж байсан харандаан суулгацууд одоо бэлхүүс давсан өндөр буюу дундаж өндөр нь 1 метр орчим болтлоо ургажээ. 

Хэдхэн жилийн дотор сайхан ургаж дулааны улиралд аймгийн төвийнхөн агаарлаж, салхилсан төгөл болно гэж төсөөлж байгаагаа бичил уурхайчид хуучилсан юм.

Иргэдийн ая тухтай амрах тохижилтын ажлуудыг хийгээд өгчихвөл амарч, зугаалах сайхан газар болно гэж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нөхөрлөлийн ахлагч Г.Цэрэнтогтох хэлсэн юм.

Бичил уурхай эрхлэгч нэг нөхөрлөл нь 9 гишүүнтэй. Өвөрхангай аймагт 43 нөхөрлөлийн 387 гишүүн бий. Эдгээр нөхөрлөл сумандаа мод тарьж “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт нэгдэж байна.

Хайрхандулаан сум гэхэд сумын төвдөө цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зорьж нутгийн иргэдийн оролцоотойгоор бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.

Тухайн сумандаа амьдардаг нөхөрлөлийн гишүүд 600 гаруй орчим мод тарьсан юм. Сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж чацаргана тариалж эхэлжээ. Сумын Засаг даргын Тамгын газартай хамтран усалгаа, арчилгааг хийхээр болсон нь давуу тал.

Хайрхандулаан сумынхан нийтдээ 15 байршилд мод тарихад бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд идэвхийлэн оролцохоос гадна техник тоног төхөөрөмжөөрөө дэмжлэг үзүүлдэг. Одоогоор сумандаа 20 мянга орчим мод тарьсан гэлээ.

Хайрхандулаан сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч П.Мөнхбаяр ингэж ярилаа.

Бичил уурхайчид хариуцлагатай, үндэсний олборлогч байх зорилгын хүрээнд нийгмийн хариуцлагаа биелүүлж орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран ногоон ирээдүйн төлөө зорьж байна. 

М.Оюунбаасан


Өвөрхангай аймгийн бичил уурхайчид ногоон төгөл байгуулахыг зорьж байна  
Үзсэн: 2304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй