
Монгол орны үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ард түмний уламжлал, ахуй амьдрал, оюун сэтгэлгээ, орчин үеийн чиг хандлагыг уран зургаар илэрхийлэх "Хөх Монгол" үзэсгэлэн 2023 оны 12 дугаар сарын 26-28-ны өдрийг дуустал Япон Улсын Ёкохама хотын Азамино уран зургийн арт галерейд үзэгчдийн хүртээл болохоор бэлтгэлээ хангаад байна.
Тус үзэсгэлэнг Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас Японы Урлагийн Нийгэмлэг, Монгол Арт Галлерейтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд куратороор Монгол арт галерейн Урлаг судлаач, зураач Б.Болортуяа урилгаар ажиллахаар болов.
Нийт 18 монгол зураач, уран бүтээлчид оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэл, МИАТ ХК, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим тус тус дэмжигч байгууллагаар оролцож байна.
Энэхүү үзэсгэлэнд Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач, Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор Г.Лхагвасүрэн болон Монголын дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй "Хөх Бороо" нийгэмлэгийн авьяаслаг зураач, уран бүтээлчдийн шилмэл 55 бүтээл дэлгэгдэхээр болжээ.
Үзэсгэлэнгийн нээлт 2023 оны 12 дугаар сарын 26-ны 14 цагаас болно.
Үзэсгэлэнг гурван өдрийн турш олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.
Монгол зураачид Япон Улсад уран бүтээлээ толилуулна | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.