Монголын хамгийн анхны энтертайнмент бүжгийн хамтлаг "Монголиа энтертайнмент”-ийн авьяаслаг бүжигчин, "Шангрилла" спорт клубын багш, дасгалжуулагч Б.Эрдэнэдуламыг “Редакцийн зочин” буландаа урьж ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Бадарчийн Эрдэнэдулам гэдэг. "Монголиа энтертайнмент" хамтлагийн бүжигчин. Мөн "Шангрилла" спорт клубын багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
-Бүжгийн урлагаар хэдэн жил хичээллэж байна вэ. Яруу найрагчид онгод орно гэж ярьдаг. Түүн шиг бүжигчин хүн юугаар хөглөгддөг вэ?
-Анх таван настайгаасаа бүжиглэж эхэлсэн. Бараг хориод жил тасралтгүй бүжиглэж байна. Бүжгийн онгод гэж байдаг. Маш гоё ая тавиад бүжиглэж, хамтлагаараа тайзан дээр инээмсэглэн гарахад үзэгчдийн уур амьсгал биднийг хөглөж байдаг.
-Шинэ өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?
-Хүүхдүүдээ сургуульд нь хүргэдэг учраас эрт босдог. Хамгийн түрүүнд хүйтэн шүршүүрт орж, өглөөний сайхан цай, халуун кофегоор шинэ өдрийг угтдаг. Ажлын ачаалал янз бүр байдаг л даа. Тогтмол цагийн хуваарьгүй учраас "Шангрилла" спорт клуб болон студи дээрээ хичээлийн хуваарийн дагуу багшлаад хамтлагийн бэлтгэл гэр бүл, хань ижил үр хүүхдүүддээ цагаа зарцуулдаг.
-Бүжигчин байхын сайхан нь юу вэ. Танай удамд бүжигчин хүн байсан уу?
-Бүжигчин байхын сайхныг мэдрээд л явж байна. Сэтгэлгээ чөлөөтэй байдаг. Ямар нэгэн зүйлд баригддаггүй, бүх төрлийн бүжгээр хичээллэдэг. Тиймээс жанр, стиль, олон үндэстний бүжиг гээд хувирах маш амархан.
Бүжигчин хүн судлаач байх ёстой. Хөгжмийн мэдлэг боловсролтой, хувцас, урлаг дизайны мэдрэмжтэй гээд олон төрлийн ур чадварыг нэг дор цогцлоосон урлагийн сайхан мэргэжил гэж би боддог. Яг удмаа дагавал ойрхон бол байхгүй. Урлагийн хүн гэвэл аавын өвөг эцэг цам харайдаг хүн байсан гэж сонсож байсан.
-"Монголиа энтэртайнмент" хамтлаг хурдан хугацаанд орчин үеийн бүжгийн урлагийн гайхамшгийг харуулж чадсан. Мэргэжлийн бүжигчний хувьд хэзээнээс эхлэн харьяалагдсан бэ. Танай хамтлаг хэдэн бүжигчинтэй вэ?
-Манай хамтлаг байгуулагдаад арван жил болж байна. Монголын хамгийн анхны энтертаймент шоу бүжгийн болон хөтөлбөрүүдийг гаргадаг. Бид олуулаа. Бүжигчид болон жүжигчид гэсэн уран бүтээлчид бас байдаг. Дөч гаруй уран бүтээлчид бий. Яг бүжигчин гэвэл 26 эмэгтэй бүжиглэдэг. Би одоо найм дахь жилдээ ажиллаж байна. Манай хамтлаг гэлтгүй урлагийнхний хамгийн эрэлттэй хамгийн завгүй байдаг сар эхлээд явж байна. Манай хамт олон 10 жилийнхээ ойд зориулж нийт таван шинэ бүжиг, шинэ хувцас, шинэ дэглэлт, шинэ найруулга гаргасан байгаа. Байгууллагуудын шинэ оноо угтаж байгаа баярт нь зориулж бүжиглэнэ.
- Тоглолтын хувцасны загвар дизайныг хэн гаргадаг вэ?
-Манай "Монголиа энтертайнмэнт"-ийн захирал, багш, дэглээч, найруулагч, продюсер Ш.Баасан багш маань ерөнхийдөө бүх зүйлээ хариуцаж ажилладаг. Хувцасны дизайн, бүх зүйлийн санааг гаргадаг. Манай бүжгийн багш, дэглээч бол миний сайн найз МУСТА Э.Халиун. Бүжгүүдээ дэглэж, найруулж ажилладаг. Баг хамт олон маань ярилцаж байгаад хамтран уран бүтээлээ туурвидаг.
-Та бас иог заадаг. Хэзээнээс иогоор хичээллэх болсон бэ?
-Сонирхогчийн үүднээс анх суралцагч болж, 2010 оноос эхлэн иогоор хичээллэж үзсэн. Хоёр хүүхдээ төрүүлснээс хойш иогийн багш болох сонирхолдоо хөтлөгдөн 2016 онд RYT анхан шатны багш болох эрхээ авсан. Түүнээс цааш жирэмсний иогийн багш, нурууны өвдөлт намдаах, иогийн сургалт, агаарын иогийн багш гэх мэт нэмэлт цагуудыг судалж, мэргэжлээ улам ахиулсан. Одоо ч мөн өөрийн сурсан мэдсэнээ охид, бүсгүйчүүд, ээжүүд, эмэгтэйчүүддээ зааж сургасаар байгаа.
-"Монголиа энтертайнмент" гадаадад суугаа монголчуудад зориулж тоглолтоо хийдэг үү. 2023 онд аялан тоглолтоор явсан уу?
-2023 он завгүй жилүүдийн нэг байлаа. Манай хамтлаг гадаад харилцаагаа өргөн тэлж, Испани улсад манай үндсэн бүжигчид явж туршлага судалж, тэнд гурван сарын хугацаатай олон улсын циркэд тоглолтод оролцоод ирсэн. Жил болгон Америкт суугаа монголчууддаа зориулсан шинэ жилийн тоглолтуудыг зохион байгуулдаг. Энэ зун АНУ-ын Чикаго хотод амьдран суугаа монголчуудынхаа Монгол наадмын баяр дээр нь Монголын үндэсний дуу, бүжгийн сайхан тоглолтоо хийгээд ирсэн.
-Байгууллагууд шинэ жилээ тэмдэглээд эхэлчихсэн байна. Томоохон байгууллагын арга хэмжээнд өдөрт хэдэн удаа оролцож байна вэ?
-Шинэ жил гэлтгүй байгууллагын ой, янз бүрийн тоглолтууд жилийн дөрвөн улирал хийгддэг болчихсон. Одоо бол хамгийн эрэлттэй сар. Өдөртөө 5-8 байгууллагын үйл ажиллагаан дээр үзүүлбэрээ толилуулж байна. Нэг байгууллагад захиалагч газраас шалтгаалан нэгээс хоёр бүжиг, заримдаа гурван ч бүжиг бүжиглэх тохиолдол байна.
-Бүжиглэхээс гадна ямар хоббитой вэ?
-Сүүлийн үед бодибилдинг сонирхон хичээллэж байна. Усанд сэлэх спортыг бас сонирхдог. Ер нь хөдөлгөөнтэй холбоотой бүх төрлийн спортоор хичээллэж, үзмээр санагдаж байгаа /инээв/. Тухайн спорт болгоны хүний биед үзүүлж байгаа нөлөөлөл өөр байдаг. Булчинд очиж байгаа нөлөөлөл, биеийн уян хатан байдал, тэсвэр тэвчээр, булчингийн чадал тэр болгон нь маш их таалагдаж байгаа. Өөрийгөө нээх, бусдад заах, ур чадварт маань бас их мэдлэг болж өгдөг.
-Фитнессээр хичээллэхээр хүмүүс "донтдог" гэж ярих юм билээ?
-Түүнтэй яг ижил бүжигт хүмүүс дурлах боломжтой. Мэдээж тухайн булчин маань ачаалал авчихаад буцаад түүнийгээ нэхдэг. Тийм учраас давхар "донтдог" гэж ярьдаг. Бүжиг ч мөн адил тэр гоё мэдрэмжийг авахын тулд аз жаргалтай, баяр баясалтайгаар бүжгээ дахиж хиймээр санагддаг. Зааландаа хурдан ирж бүжиглэмээр санагдаж, манай шавь нар ч гэсэн тэгж ярьдаг. Дасгал хөдөлгөөн хүний амьдралд заавал 30 минутаас нэг цаг байх ёстой гэж ярьдаг. Тийм ч учраас иймэрхүү дасгал хөдөлгөөнд дурлах нь буруу биш юм.
-Шүтдэг Монголын болон гадаадын уран бүтээлч бий юу?
-Тухайн төрөл болгоноор хичээллэж байхдаа тухайн төрлийнхөө хамгийн мастерийг л шүтдэг дээ. Монголоос гэвэл миний хайртай Болороо багш. Багшийн маань явуулж байгаа сургалт бүр нь, заах арга барил нь, амьдралынх нь хэвшил зэрэг нь төгс. Бодибилдингийн тамирчдаас гэвэл дөнгөж саяхан Монголын хамгийн анхны мистер олимпиадад оролцох эрхээ авсан Б.Уянга гээд охин байгаа.
-Бүх зүйл өөрчлөгддөг шүү дээ. Таны өөрчлөгддөггүй зан чанар тань юу вэ?
-Яг миний эргэн тойрныхон хэлээд байдаг хоёр, гурван зан чанар бий. Хэтэрхий зарчимч гэсэн. Ийм байсан бол ийм л байх ёстой гэж боддог /инээв/. Энэ зан чанар маань байгаад л байгаа. Би өөрөө тэрнийгээ мэддэг болсон ч гэсэн өөрийн эрхгүй рефлексээрээ гаргаж ирээд байдаг. Хоёрдугаарт, хэтэрхий эелдэг. Хүнд зоригтойгоор үгүй гэж хэлж чаддаггүй зантай. Энэ зан маань бас байгаад л байна. Тэр бол гэр бүлийн минь хүмүүжил, нэг бол урлагийн тайзан дээр инээмсэглэх, эелдэг байх ёстой гэсэн ойлголттой маань холбоотой ч байж болох юм /инээв/.
-Шантрах үе тохиолдвол яадаг вэ?
-Мэдээж хүн болгоны амьдралд янз бүрийн зүйл тохиолдож болно. Надад ч бас тохиолдож байсан. Жижиг зүйл дээр гомдоно, гомдохооргүй зүйлд гомдчихсон байх, янз бүрийн зүйл амьдралд тохиолдож болно шүү дээ. Өөрийнхөө хамгийн дуртай зүйлээ хийдэг. Бясалгал хийнэ, гүнзгий амьсгал авна, маш хурдан хугацаанд тайвшрах хэрэгтэй бол хамраараа гүнзгий амьсгал аваад л гаргачихдаг. Бүх зүйл болоод өнгөрнө гээд санаа зовохгүйгээр асуудлыг аль болох тоохгүй хаяхыг хичээдэг. Иогийн шинжлэх ухаанд хүн сэтгэлээ толь шиг байлгах хэрэгтэй гэж үздэг. Аливаа асуудал, бүх зүйлд хэт гүн автахгүй байх, хэт баяр хөөртэй байх, хэт гунигтай зүйлийг өөртөө шингээхгүйгээр буцаагаад л ойлго гэж үздэг. Аль болох иогийн гайхамшигтай гүн ухаанд суралцсанаас хойш өөртөө хэрэгжүүлэхийг хичээдэг. Стресстэх, гунихрах зүйлд ашиглахыг хичээдэг. Бас заримдаа унтчихдаг. Унтаад босоод ирэхээр шал өөр болчихдог. Үгүй бол гоё амттай юм иддэг. Шоколад, бялуу гэх зэрэг. Ийм олон аргатай даа /инээв/.
-Шинэ оны төлөвлөгөөгөө гаргасан уу. Ойрын зорилго, зорилт хэр байна вэ?
-Манай энтертайнментийн ажил илүү давамгай байна. Жишээ нь, бид бүхэн он гаргаад Европын орнуудаар аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна.
Ирэх зун Тайванийн Таятнанийн жилийн ойд явахаар уригдсан байгаа. Мөн ирэх оны намар “Ододтой бүжиглэе” шоуны хоёрдугаар улирал төлөвлөгдөж байгаа гэх мэтчилэн ирэх жилийн томоохон арга хэмжээнүүддээ оролцоно.
-Бүжгээр хичээллэж эхлэх гэж байгаа охидуудад юу гэж зөвлөх вэ?
-Бүжигт дуртай юу, дургүй юу гэдэг нь чухал гэж боддог. Хүүхдийг анхнаас нь юунд дурлуулах вэ гэдэг нь чухал. Юугаар анхнаас нь суурийг нь тавих вэ гэдэг их чухал санагддаг. Дасгал хөдөлгөөн бол эрүүл амьдралын хамгийн нэгдүгээрт байдаг зүйл. Хоёрдугаарт, хоол, гуравдугаарт, нойр их чухал. Хүүхдийн өөрийнх нь цаанаас нь өгөгдсөн ген өгөгдөл нь юу гэдгийг олохын тулд олон зүйлээр хичээлүүлэхээс өөр аргагүй.
Балет, спорт бүжгээр хичээллүүлж үзүүлээд хүүхэд тэр дундаас магадгүй дунд ангид ороод өөрийгөө илэрхийлэх чадамжтай болоод ирэхээрээ аяндаа мэдэгдэнэ. Бүжгээр нэгэнт л хичээллэх сонирхолтой бол өөрөө авьяастай нь илт мэдэгдвэл тууштай явуулаасай гэж хүсдэг. Дунд нь таслуулдаг, орхигдуулдаг. Бүжгээр авьяас чадварыг нь хөгжүүлье гэж бодож байвал тууштай л байлгаарай гэж хэлэх байна.
Мэдээж сайн, чадварлаг багшид хүүхдээ өгөх хэрэгтэй. Ардын бүжиг, сонгодог бүжиг, спорт бүжгүүд гээд тэрнээс нь шалтгаалаад, ярилцаж үзэж байгаад сонгосон нь дээр.
Өөрийгөө илэрхийлэх чадамжгүй нялх хүүхдүүдийн суурийг тавихдаа балетаар хичээллүүлээсэй гэж хүсдэг. Мөн үндэсний урлагаар хичээллүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед монгол бүжгийг орхигдуулаад байгаа юм шиг надад санагддаг. Үндэсний сайхан бий биелгээ маань бидний эрүүл мэндэд ямар эерэг үр нөлөөтэй гэж санана. Бид бүхэн эргээд үндэсний болон ардын бүжгээ түгээх шаардлага гарч байгаа.
ХАНЬДАА ИТГЭХ ХЭРЭГТЭЙ, МӨН ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Манай гэр бүлийн хүнийг Б.Ангараг гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Одоо ID фильмд харьяалагдаж байгаа. Бид хоёр хүү, охинтой. Маш залуугаараа аав, ээж болж байсан /инээв/. Бид “Universe best songs” наадмын хамгийн анхны уралдааны үеэр танилцаж байсан. Хоёулаа урлагийн хүмүүс учраас бие биенээ сайн ойлгодог. Хүү маань 12 настай, охин 10 настай. Хүүхдүүд маань өсвөр насандаа байгаа учраас бид хоёр аль болох хүмүүжилд нь анхаарч, сайн эцэг, эх байх гэж хичээдэг. Үүрэгт ажлаа үндсэн ажилтайгаа хослуулаад л явж байна даа.
-Хүүхдийнхээ ирээдүйн боловсролд хэр анхаардаг вэ?
-Бидний үеийн хүмүүжил өөр. Хүүхдүүдийн маань хүмүүжлийн эрин үе өөр байна. Багш сурган хүмүүжүүлэгчээр төгссөн болохоор ч тэр үү хүүхдүүдтэйгээ аль болох сайн ярилцахыг хичээдэг. Хүүхдийн нас насанд нь тохирсон сэтгэл зүйтэй нь харьцах талаар судалгаа хийж, ном уншдлаг. Хүүхдүүдтэйгээ найзууд юм шиг л сайн ярилцдаг. Манайх гэр бүлийн өдөртэй. Хамт хөзөр тоглоно, хөлөгт тоглоом, хамт хоол хийх, хамт кино үзэх зэрэгт дуртай. Тэр үедээ их сайн ярилцдаг юм. Тоглож байх үедээ хүүхдүүд юу хүсч байгаагаа ээж, аавдаа хэлдэг.
-Саяхан гэр бүлийн аялал хийсэн байсан. Хөгжилтэй, сайхан аялсан уу?
-Бид хоёр ер нь ярилцдаг байсан л даа. Хэт бага дээр нь биш, аливаа зүйл дээр дүн шинжилгээ хийдэг болсон насан дээр нь гэр бүлээрээ хамт аялна гэж ярьдаг байсан. Манай гэр бүл хамгийн анхны аялалаа хийгээд ирсэн. Бээжинд "Universal studio" нээгдсэн. Тийшээ аялсан байгаа. Анхны аялал учраас бүх төрлийн тээврийн хэрэгслээр явахыг хүссэн. Нэг талдаа нисээд, нөгөө талдаа газраар гэх мэтчилэн. Хүүхдүүддээ үүргэвч үүрүүлээд, цүнхээ өөрсдөө хариуцаж явах ёстой, аялна гэдэг чинь ийм байдаг шүү гэх үндсэн ойлголтыг өгөх зорилгоор, биеэ даахад нь давхар анхаарч, сургаж явсан. Хүүхэд аялалд их сониуч хандаж, танин мэдэж тэрэндээ баярлаж байгааг нь харах сайхан байсан.
-Хүүхдүүд нь аав, ээжийгээ дуурайсан авьяаслаг уу?
-Манай охин бол авьяас нь тодорчирхсон, үнэхээр гайхалтай. Гарын доорх материалаар маш гоё бүтээл хийдэг. Өөрийнхөө насанд ч баймааргүй зүйлийг урладаг. Хэдэн цагаар ч хамаагүй ширээн дээрээ суугаад уран сэтгэмжтэй бүтээл туурвидаг. Бүтээлч сэтгэлгээтэй. Хувцас дизайнер ч юм уу, хүний гараар бүтдэг, уран бүтээлчийн авьяастай хүн болно гэж хараад байгаа. Манай хүү сагс болон усанд сэлэлтэд их дуртай. Энэ хоёрт нь сөөлжлүүлээд явуулахыг хичээж байгаа. Эрэгтэй хүүхэд тэвчээр, биеийн хатуужилтай байх хэрэгтэй. Тийм учраас спортоор түлхүү явуулдаг.
-Өнөө цагт салалт их болжээ. Гэр бүлээ тогтвортой сайхан авч явахын тулд юунд илүү их анхаардаг вэ?
-Мэдээж хоёр өөр амьдралтай хүн хамтарч амьдарна гэдэг, бүр үр хүүхэдтэй болоод хамт амьдарна гэдэг маш их үүрэг, хариуцлага. Ухамсарлана гэдэг их чухал. Залуудаа аав, ээж болсон учраас бид хоёрт эмээ, өвөө нар нь их тусалсан. Бид бүхэн анх удаа л аав, ээж болцгоож байгаа шүү дээ. Миний бодлоор хүн үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид хоёр дуртай зүйлээ хийж байгаа нэгэндээ хэзээ ч хориг тавьдаггүй. Тэр хүн өөрийнхөө дуртай зүйлийг сонгоод, түүнээсээ аз жаргал авч, жишээ нь хоббигоо ажил болгоно гэдэг их сайхан зүйл. Дуртай зүйлд нь саад тавихгүй, хэт нөлөөлөхгүй байх гэх мэтийг эрхэмлэдэг.
Ханийгаа ажилтай үед нь онц шаардлагагүй бол саад болохгүй байхыг хичээдэг. Гэртээ орж ирээд ажлаа түр мартаж, гэр бүлдээ анхаарах хугацаанд нь хоорондоо сайн ярилцдаг. Эхнэр, нөхрүүд бие биеийнхээ бодлыг хуваалцаад, сайн ярилцах хэрэгтэй. Итгэлцэл бас их чухал санагддаг. Ханьдаа итгэх хэрэгтэй, өөртөө бас итгэлтэй байх хэрэгтэй гэж бодож явдаг даа.
-Цагийн менежментийг хэрхэн гаргадаг вэ. Төлөвлөн бичдэг үү?
-Цаг цагаар нь бичиж тэмдэглэдэг. Хэрвээ тухайн ажлыг хийж чадаагүй бол дараа өдөртөө шилжүүлдэг. Эсвэл дараагийн долоо хоног руу нь шилжүүлдэг. Бас тухайн сардаа төлөвлөдөг. Тэгээд улирлаар нь, жилээр нь төлөвлөдөг.
Нэг ёсондоо мөрөөдлийн жагсаалтаа жил жилээр нь, гурван жил, таван жилийн нь төлөвлөнө. Тухайн жилээ төлөвлөчихөөд хийхийг хүсч байгаа зүйлээ сард нь хуваарилдаг. Тэгээд дөрвөн улиралдаа хуваарилна. Хэдэн сард тэр зүйлээ хийхээ хуваарилна. Сарын хуваарь гарахаар долоо хоногийн хуваарь гарна. Долоо хоногийнх гарахаар өдрийнх гарах ёстой болчихно. Багш нар мэднэ дээ нэгж хичээлийн хөтөлбөр гээд. Түүн шиг төлөвлөдөг/инээв/.
-Бүжигчин охид, бүсгүйчүүдийн нүүр будалт, арьс арчилгаа өөрийн эрхгүй анхаарал татаад байдаг юм. Та арьсаа хэрхэн арчилдаг вэ?
-Ер нь их сайн арчилдаг. Бүжигчид тоглолтын хүнд будалт хийдэг шүү дээ. Тийм учраас түүнийгээ зөв арилгахын тулд өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнээ сонгох ёстой болдог. Мөн арьс оношилгоо, гоо сайхны эмнэлэгт очиж зөвлөгөө авна. Гоо сайханд орно. Өглөө, оройны арьс арчилгаандаа сайн анхаардаг.
Б.Эрдэнэдулам: Хүн сэтгэлээ толь шиг байлгах хэрэгтэй | ||
Үзсэн: 5497 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.