
Франц Улсын Монтуар хотноо энэ сарын 12-17-ны өдрүүдэд “Дэлхийн соёл” уриан доор зохиогдож буй Монтуарын ардын урлагийн олон улсын 42 дахь удаагийн фестивальд Монгол Улсаас анх удаа Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид амжилттай оролцож байна.
Энэхүү фестиваль нь Монтуар хотноо жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн өнцөг булан, тив бүрээс үндэсний дуу, бүжгийн хамтлаг, уран бүтээлчид оролцдог, нийт 20 000 орчим үзэгчид үздэг нэр хүндтэй том фестиваль юм. Энэ удаагийн фестивальд Францын Британи муж, Бутан, Вьетнам, Канарын арлууд, Куба, Уругвай, Ирланд, Хорват, Кени Улсын уран бүтээлчид үндэсний дуу, хөгжим бүжгийн үзүүлбэрүүдээ танилцуулж байгаа аж.
Монтуарын фестивалийн Тэргүүний урилгаар Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх С.Онон фестивалийн нээлтэд оролцож, Монголын уран бүтээлчдийг фестивальд урьж оролцуулсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монтуар хот болон Монтуарын фестивальтай Монгол Улс соёлын хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж нээгдэж байгааг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, “Үүрдийн Монгол” Төрийн бус байгууллагын хамтарсан гэрээний дагуу эдгээр уран бүтээлчид өнгөрсөн тавдугаар сарын 28-наас эхлэн наймдугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд Франц Улсад зохиогдсон нийт 14 фестивальд оролцон тоглож байгаа ажээ.
Манай улсын уран бүтээлчид Монтуарын фестивальд оролцож байна | ||
Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.