Шууд Chart

Улаанбаатар хот орчмоор 0.5 мм цас оржээ

2024-03-04 11:40:47

2024 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсгээр, Өмнөговийн ихэнх нутгаар цасгүй, бусад нутгаар 0.0-48.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 48.0 см, Хяргасд 46.0 см, Түргэнд 45.0 см, Малчин, Баруунтуруунд 40.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 34.0-37.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0 см, Төв аймгийн Борнуурд 30.0 см, бусад хэсгээр 0.0-29.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

 

Хур тунадас: 26-нд Баян-Өлгий, Өвөрхангайн хойд, Булган, Өмнөговь, Дорноговийн зарим газар, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 0.0-1.2 мм, 27-нд Ховдын хойд, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дарханы зарим газраар 0.0-0.8 мм, 28-нд Халх гол орчмоор 0.0 мм, 3-р сарын 01-нд Хөвсгөлийн Цагааннуурт 0.3 мм, 02-нд төвийн аймгуудиййн нутгийн зарим газраар 0.0-0.7 мм, 03-нд төвийн аймгуудиййн нутгийн зарим газраар 0.0-0.9 мм цас орж, явган шуурга шуурсан байна. Үүнээс 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Дорнодын Халхголд 1.8 мм, Сүхбаатарын Халзанд 1.2 мм, Нийслэлийн Хан-Уулд 1.1 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэн үеэр хүйтний эрч төв болон зүүн аймгуудын нутгаар 1-9 хэм хүйтэрч, бусад нутгаар 1-11 хэм дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байв. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч 1-14 хэмаар суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 18-24 хэм, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнодын тал нутгаар 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-7 хэм дулаан, бусад нутгаар 0-6 хэм хүйтэн байв.

 

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн үеэр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-43 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-22 хэм, бусад нутгаар 20-28 хэм хүйтэн байсан бол хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 31-36 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-13 хэм, бусад нутгаар 16-23 хэм хүйтэн байв. 

 

 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Говь-Алтайн нуруу, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-18 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас:  27, 28-нд 0.0-0.3 мм, 3-р сарын 03-нд 0.0-0.5 мм цас орсон.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: Хугацааны эхээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 14-16 хэм, хугацааны сүүлд хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор 25-29 хэм, бусад хэсгээр 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байв.


Улаанбаатар хот орчмоор 0.5 мм цас оржээ  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй