Шууд Chart

Ургац хураалтын ажлыг хугацаанаас нь өмнө эхлүүлнэ

2014-08-29 07:24:25

Энэ оны ургацын урьдчилсан дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр гишүүдэд танилцууллаа.

Энэ онд улсын хэмжээнд 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан байдлаар 466.6 мянган тонн үр тариа хураан авахаар байгаа нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдүүлжээ.
 
Долоодугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхний 15 хоногт нийт нутгаар хур тунадас багассанаас хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байна гэж салбарын сайд мэдээллээ. Үүний зэрэгцээ ирэх есдүгээр сарын дунд хүртэл тариалангийн бүс нутгаар хур бороотой, сэрүүсэх төлөвтэй байгаа тул болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг ҮХААЯ-наас орон нутагт эрчимжүүлсэн байна.
 
Ургац хураалтын ажилтай холбогдуулан хэд хэдэн асуудалд анхаарал хандуулахыг Засгийн газраас салбарын яам, орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржид, ургац тээвэрт ашиглагдах зам, гүүрийн засварыг шуурхайлж, цахилгаан эрчим хүч, шатах тослох материалаар тасалдалгүй хангахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Уул уурхайн сайд Д.Гансүх нарт даалгажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ургац хураалтын ажлыг хугацаанаас нь өмнө эхлүүлнэ  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй