Шууд Chart

Жишиг хороотой боллоо

2014-09-01 12:00:20

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сан, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, 27 дугаар хороо, хэсгийн ахлагч, иргэдийн бүлэг хамтран “Хоггүй  орчин -Эрүүл ирээдүйн төлөө” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс 30 машин гаргаж Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Сэлбийн 24-р гудамжны замыг зассан. Тус гудамж нь намаг бүхий шаварлаг хөрстэй байсныг хуулж, 600 метр урт, долоон метр өргөн,  гурван метр хүртэлх гүнзгий хайрга асган нягтаршуулан тэгшилж шороон зам болгон зассан байна. Ингэснээр ус шалбааг тогтсон энхэл донхолтой замаар иргэд усны гутал өмсөн явах хүндрэлгүй болж,  түргэн тусламж гал команд, хог тээвэрлэлтийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ.

Тус хорооны 46 айл өрх хашаагаа татаж, нийтийн эзэмшлийн талбай бий болгон хогийн цэг байсан газрыг цэвэрлэн цементэлж, сагсны шийд байрлуулж, хүүхэд, ахмад настанууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбайтай болсон байна. Эдгээр ажилд тус гудамжны иргэд гар бие оролцон хамтран ажиллажээ. Энэхүү тохижилтыг хараад бусад гудамжны иргэд ч санал санаачлага гарган орчноо тохижуулж эхэлжээ.

Төсөл хэрэгжсэн гудамжинд  хог тээврийн үйлчилгээний  нэгдсэн хуваарьтай болж, тэвш тавих  зориулалтын дөрвөн талбайг бэлтгэн, хоёрдогч түүхий эдээ хийх таван хогийн сав байрлуулсан аж. Баянзүрх дүүргээс тус гудамжинд бүрэн гэрэлтүүлэг хийж, явган хүний зам тавихаар төлөвлөж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Жишиг хороотой боллоо  
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй