Шууд Chart

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцав

2014-09-02 08:59:58

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй хоёр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 150-200 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг энэ намар ашиглалтад орох  бөгөөд одоогоор барилгын ажлын явц 90 хувьтай байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо нь цэцэрлэгийн насны 1200-аад хүүхэдтэй ч  “Яргуй” хэмээх төрийн бус өмчийн нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, тус хорооны 150 хүүхэд хүмүүжиж байна.
 
Одоогийн байдлаар тус хороонд цэцэрлэгт хамрагдаагүй 560 гаруй хүүхэд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүд тун удахгүй шинэ цэцэрлэгт хүмүүжих боломж бүрдэх юм.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэцэрлэгийн барилгын ажил хэзээ дуусч хүүхдүүдээ хүлээн авах талаар болон цэцэрлэг ашиглалтад орсноор хичнээн хүн ажлын байраар хангагдах талаар  асууж тодруулсан. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Б. Наранцэцэг хэлэхдээ  “Барилгын ажил бүрэн дуусмагц 10 дугаар сарын 1-нээс эхлэн шинэ цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээн авна. Хоёр цэцэрлэг ашиглалтад орсноор ахлах болон  туслах багш, тогооч, үйлчлэгч гээд нийт 50-аад хүн ажлын байртай болно гэж тооцоолж байна. Бид зөвхөн хорооныхоо иргэдийг ажлын байраар хангахаар зорьж байна” гэв.
 
Тус бүр нь 875 мкв талбайтай энэхүү цэцэрлэг нь Дэлхийн банкны санхүүжилтээр болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд  Канад технологиор барьж байгуулж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцав  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй