Намайг Монголын радиогийн "Хурд" агентлагт мэдээний сурвалжлагчаар ороход л "Хөгжмийн редакц" гэж хүчирхэг, том редакц байлаа. Редакцийн дарга нь Хөгжмийн мэргэжлийн, хөгжим судлаач Чойжамцын Буянхишиг. Хий зайгүй няхуур, нямбай, ажилсаг хүн.
"Цэнхэрийн голоор нутагтай" дууны шүлгийг бүтээсэн яруу найрагч Ц.Зоригтсайхан, "Ээждээ би очлоо" зэрэг дууны ая бүтээсэн, хөгжмийн зохиолч Р.Ганбаатар, "Инээмсэглэл" хамтлагийн дуучин Д.Цогдэлгэр, яруу найрагч Б.Төмөрхүү гээд олон сайхан уран бүтээлчийн оюун санаа, хичээл зүтгэлээр Монголын радиогийн Хөгжим, хөгжим чимэглэл, дуу хуур сонсогчдод хүрч байсан юм. Тэд ажлаа ёстой л арван хуруу шигээ мэддэг хүмүүс байлаа. Бидний үед "Дарханы" Б.Энхбат гэж сайхан дуучин ид гарч ирж байсан юм.
...Яруу тунгалаг айзмаар баян
Ятга хөгжмийн аялгуут чавхдас
Янаг хосын шинэ амьдрал
Яргуй цэцэг хавартай бэлэглэнэ ... гээд нуугиж урссан зөөлөн хоолойгоор Энхбат дуулдаг байлаа. Түүнийг түмэнд алдаршуулсан "Хөгжмийн эгшиг" дууны энэ шүлгийг Бадарчийн Төмөрхүү дунд сургуулийн 7-р ангид байхдаа бичсэн юм билээ. Надад энэ л гайхамшигтай санагддаг. Дугуйлангийнхаа хамгийн жаахан шар охиныг Явуу багш нь гараас нь хөтөлж, их сургуульд оруулж, агуу их найрагч Ш.Сүрэнжав Б.Төмөрхүүгийн яруу найргийн номыг нь уншиж, хэвлүүлж өгсөн гээд бодохоор энэ бүсгүйд авьяас билгийн унтаршгүй цог гэрэлтэж байсныг томчуул олж харсан хэрэг. Радиогийн нэгэн үеийг үүрч явсан бидний үеийнхэн цөөрсөөр л байгаа нь дэндүү гунигтай...
Монголын радиогийн Хөгжмийн нэвтрүүлгийн албанд олон жил ажилласан сэтгүүлч , яруу найрагч Б.Төмөрхүүтэй жаахан зуур ярилцлаа. Тэр даруухан даа, даруухан.
-Дорнын их найрагч Бэгзийн Явуухулан гуайгаар найргийн эрдэм заалгуулж, сургууль соёлын мөр замаа сонгуулж, хөтлүүлж явсан та азтай хүн юм аа?
-Ээж маань долоон настайд минь бурхны оронд одож, би аавынхаа нөмөрт үлдсэн хүн. Намайг 25 нас хүртэл ганцаараа өсгөж, хүмүүжүүлж, хүний зэрэгт хүргэсэн аавынхаа тэвчээр, ухааныг гайхдаг юм. Явуугийн дугуйланд яруу найрагч Ж.Саруулбуян, Д.Нямаа, Я.Баатар, П.Баярсайхан, яруу найрагч, орчуулагч Ш.Оюунцэцэг гээд өнөөгийн Монголын урлаг соёл, уран зохиолын төлөөлөл болсон тухайн үеийн найрагч болох хүсэлтэй залуус сурдаг байлаа. Би хамгийн бага нь. Тав, зургаадугаар ангид байхдаа Хүүхдийн зохиолч Ч.Содномдорж гуайд шүлгээ үзүүлэхэд Явуу багшийн дугуйланд хуваарилсан. 1976 онд 8-р ангиа төгсөв. Явуу багш тэр үеийн Ажилчин залуусын оройн сургуулийн захирал П.Рэнжин гуайг дуудаж ирүүлээд “Энэ Б.Төмөрхүүг шууд 10-р ангид суралцуулаад төгсгө. Төгсөнгүүт нь сэтгүүлч мэргэжлээр сургаад, "Утга зохиол" сонинд ажиллуулна гэсэн. Ингээд эмийн санч юм уу , одон оронч болох хүсэл мөрөөдөл маань талаар болж, оройн сургуулийн 10-р анги төгсөөд МУИС-ийн НУФ -ийн Сэтгүүлчийн ангид Б.Цэнддоо, Ш.Цэрэнпил, Т.Цоож, Д.Байгальмаа гээд авьяаслаг найз нартайгаа таван жил ижилдэн, оюутан насыг үдэв ээ. Төгсөөд хаачихаа мэддэггүй. Явуу багш маань намайг хоёрдугаар курст оюутан байхад нас барсан. Ингээд л "Утга зохиол" сонинд ажиллах талаар болов.
-Тэгээд л Монголын радио руу алхчихав уу?
-Үгүй ээ, үгүй. Их сургууль төгсөнгүүт Л.Түдэв дарга "Хөдөө явж ажилла" гэсэн. Өвчтэй, өндөр настай аав, нялх хүүхэдтэй би яалтай билээ. Хүний амьдрал дэгэнтэй, догонтой хойно. Одоогийнхоор бол жинхнээсээ "Лааз өшиглөсөн" дөө. Энэ зуур "Найрамдлын зам", "Спортын мэдээ" сонинд ажилласан. Гэвч нэг л болдоггүй. Асарч тойлж байсан аав маань ч нас барав. Нэг өдөр гудамж "метрлээд" явж байтал жүжигчин Г.Мягмарнаран ахын эхнэр л дээ Дашзэвгэ эгч тааралдаад "Хүүе дүү минь, чи ингэж явах ёсгүй хүн" гээд хөтөлж аваачаад Драмын театрын Бичиг хэргийн эрхлэгчийн ажилд оруулж өгөв. Тэгсэн чинь театрын дарга Тааяа гуай нэг өдөр орж ирснээ "Бичиг хэргийн хүн ажилдаа орох болов. Чи зураач Л.Саранхөхөөгийн туслах бол.Чамайг дагалдан жүжигчний орон тоон дээр ажиллуулна" гэлээ. Тэгтэл нэг өдөр Б.Доржсамбуу найруулагч галтайгаа бууж ирээд "Чи дагалдан жүжигчин юм бол массовикт гар. Туслах дүрд тоглох ёстой" гээд зад загнав. Ингээд л дагалдан жүжигчний "карьер" дуусав.
Дараа нь Урнаа найзынхаа аав, Ардын жүжигчин Л.Жамсранжав ахын дэмжлэгтэйгээр шинээр ашиглалтад орж байгаа Соёлын төв өргөөнд Заалны зохион байгуулагчаар оров. Би энд нэг л юманд их баярладаг юм. Тэр үеийн томоохон сэхээтнүүд, ахмад хүмүүс, дарга нарын "мөс чанар" жигтэйхэн сайн байсан юм шүү. Ямар ч хүнийг тэгсгээд орхичихдоггүй, ажилтай албатай залгуулах гэж зүтгэдэг байсан юм.
-Радио руу яаж яваад орчихов?
-Манай "Радиогийн жижиг Байгалиа" ангийн охин маань Радио, телевизийн гэрэлт цамхагийн зүг хөтөлсөн юм. Ерөнхий редактор Чойжамцын Буянхишиг гэж залхуу хүнийг нэг нүдээр ч хардаггүй, агуу их хөдөлмөрч, нягт нямбай дарга намайг хүлээж авсан. Тэр залуучууд биднийг энэ ажилд сургасан, бас хүмүүжүүлсэн дээ. Залуухан байхад "Буянаа эгч ээ, больёо" гэж хэлмээр өдрүүд олон таарч байсан шүү. Цаг хугацаа алсрах тутам түүний хэлсэн үг, хийсэн үйл нь үнэ цэнэтэй болдог юм билээ. Буянаа эгчдээ үргэлж баярлаж явдаг.
-Та чинь бараг насаараа Хөгжмийн төлөвлөгч редактороор ажилласан. Үнэнийг хэлэхэд таны ажил надад хүртэл нэг л буудаггүй юм шүү дээ?
-Монголын радиогийн Дуу хөгжмийн ажил алба, "Алтан сан" маш цэгцтэй, нягт нямбай байдгийн учир нь Хөгжмийн албаны дарга Д.Жамбалжамц, Ч.Буянхишиг нар болон дээд үеийнхний ажил хариуцах чадвар, мэдлэг мэргэжил, сэтгэл зүтгэлтэй холбоотой .
Хөгжим төлөвлөлт гэдэг маш их мэдрэмж, сонголт, мэдээлэл шаардсан ажил. Радиогийн урлагт хөгжим маш их хэрэгтэй. Өглөө эрт, үд дунд, орой, амралтын үеэр ямар хөгжим аялгуу, ямар дуу өгөх, мөн тэр дуу, хөгжмийн талаар ямар мэдээлэл өгөх, дээр нь хугацааг ягштал барих гээд Хөгжмийн төлөвлөгч редактор гэдэг "хүн мэдэхгүй" их ажилтай шүү. Радиогийн даргаар ажиллаж байсан Бидэрийн Баярсайхан дарга нэг өдөр дуудаад "Төмөрхүү эгч ээ, та чинь сэтгүүлч хүн юм байна шүү дээ. Мэргэжлээрээ ажилла" гэсэн. Тэгээд сүүлийн зургаан жил "Сонгодог хөгжмийн цаг", "Зохиогчийг нь урья", "Хөгжмийн эгшигт хайрцаг" зэрэг уламжлалт нэвтрүүлгүүдийг сэргээж хийсэн маань Радиогийн "Алтан сан"-д хадгалагдаж байгаа. Миний багын найзууд, хийлч Туул, төгөлдөр хуурч, концертмейстр Оюунцэцэг гээд олон алдартай хөгжмийн хүмүүс бий. Би ч багадаа ХБДС-ийн Хийлийн ангид тэнцэж явсан юм. Амьдрал маань бүхэлдээ хөгжимтэй холбоотой. 1992 оноос хойш л Монголын радио хэмээх энэ их айлтай хувь заяа минь холбогджээ. Сайхан хувь тавилан...
-Яруу найраг, бүтээл рүүгээ оръё. Сүүлчийн яруу найргийн түүврийг тань Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай шахаж шаардаж байж хэвлүүлсэн гэсэн үү?
-Номыг маань уншсан, тэгээд "Би шалдан шүлгүүдийг хэвлүүл гэж шахахгүй ээ. Явуу багшийн сүүлчийн шавь" гээд сэтгэл гаргаж өөрөө хөөцөлдөн байж номыг маань хэвлүүлж өгсөн Монголын яруу найргийн Бурхан оргил тэр хүний ачийг би мартахгүй. Номыг минь гарсны дараа "Жолооч хүн бензинээр, зохиолч хүн архиар явдаг юм" гээд архиар хүртэл шахаж дайлаад, их баярласан. /Инээв/
Одоо би найргийн хоёр ном бичлээ. Хэвлүүлэхэд эдийн засаг гээч юм чухал юм даа. 1976 онд бичсэн "Хөгжмийн эгшиг" шүлэг маань хэвлэгдсэнээсээ таван жилийн хойно 1981 онд "Морин хуур"-ын Батчулуун ая хийчихсэн их сургууль дээр ирсэн. Ингээд "Дарханы" Б.Энхбат дуучин дуулж түмэн олонд хүргэсэн юм. Хүүхэд насны минь зүрх сэтгэлээс "цэнзүүргүй" гарсан анхны бүтээл маань их урт замыг туулж явна... Тэр ингэж ярьсан.
Даруухан, чимээгүйхэн энэ бүсгүйн тархи, зүрхнээс сэтгүүлчийн хөдөлмөр урсана, сэтгэлийн найраг, шүлэг асгарна. "Ижий амьтай нутаг" дуучин Ч.Нэргүй, "Хоёулаа дуулъя" зэрэг дуунуудыг нь эстрадын нэрт дуучин Б.Нандинцэцэг нар дуулсан байхад, "Миний сэтгэлийн тэнгэр", "Явуулын мод", "Зүрхний бичлэг" зэрэг найргийн номууд нь сэтгэл мялааж явах.
Саяхан тэрбээр "Сэтгэлийн жигүүр", "Зүрхний уянга", "Хөдөөгийн сайхан талд" гээд олон сайхан бүтээлээрээ монгол түмэндээ мөнхөрсөн Зундуйн Зундарийн тухай "Монгол рокын Салхич шувуун" гэсэн сонирхолтой, нандин, дурсамжийн ном гаргасан байна.
Битүү шигүү ургасан, хөвд өвсөн дундуур шурган чимээгүйхэн урсах, ундарга юугаан үл татан алс холыг өртөөлөх, амь ус шиг-Бадарчийн Төмөрхүү ийм л уран бүтээлч.
...Хэн билээг санагдуулам танил зүс
Хэзээ билээг зурсхийлгэм содон сүрчиг
Хэмнэл алдаж дурсуулам дотно аялгуу
Хэсүүл аяллаас үгүйлэм нандин ахуй
Үе үе учралын түмэн уулзвар дээр
Үнэн болоод мөнхийн эргэлтийг мэдрүүлнэ... Ухаан бодолдоо ийм нандин мөрүүд шаглаж яваа Б.Төмөрхүү маань мөнхийн залуу явахаас яахав дээ...
МОНГОЛЫН РАДИОГИЙН 90 ЖИЛИЙН ОЙД: Аялгуут, нандин... | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.