Шууд Chart

СЗХ: Олон улсын валютын сангийн төлөөлөлтэй уулзлаа

2025-06-09 16:12:39

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц санхүүгийн салбарыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн онцлох ажлууд болон санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Үүний дараа хоёр тал Монгол Улсын эдийн засаг тэр дундаа хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, банк бус санхүүгийн байгууллагуудаас үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээ, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон юм. Тодруулбал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн болон энэ зах зээлийн хөгжлийг дэмжих, дүрэм журмын орчинг олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд  хийж буй онцлох ажлууд, банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийн багцийн өсөлтийг хязгаарлах болон зээлийн өрийн нөхцөл байдал, зээлийн өр, орлогын харьцааны шалгуур үзүүлэлтийн зөрүүг буулгах чиглэлд хэрхэн ажиллаж байгаа цаашид анхаарч буй асуудлын хүрээнд ярилцав.

ОУВС-ийн талаас Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тигран Покхосян, салбар хариуцсан ахлах эдийн засагч И Үй болон холбогдох бусад хүмүүс энэ өдрүүдэд манай улсад ажиллаж байгаа бөгөөд гишүүн орнууддаа жил бүр хийдэг энэхүү ажлын хэсгийн уулзалтаас бодлогын зөвлөмж бүхий тайлан гаргаж танилцуулах юм.  


СЗХ: Олон улсын валютын сангийн төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй