Шууд Chart

В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн

2025-06-14 08:05:17

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороололд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгыг ашиг олох зорилгоор дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрдөг тус барилгаас зөвхөн 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байсныг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлсэн билээ. Улмаар 2024 оны нэгдүгээр сард нийслэл тус барилгыг өмчдөө буцаан авч, түрээсийн орлогыг бүрэн төвлөрүүлж эхэлсэн. Энэхүү барилга дээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар өнөөдөр ажиллалаа.

Ийнхүү тус барилгыг дам түрээслээд ч зогсохгүй нийслэлийн өмчийн барилга дээр нэмж нэг давхар барилга барьж, тэнд нь лоунж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд барилгын зоорийн давхрыг бусдад худалдсан байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа юм. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа “Дамлан түрээсэлж байсан энэхүү барилга нь нийт 198 ам.метр талбайтай, 273 ам.метр газартай худалдаа, үйлчилгээ явуулах хамгийн үнэ цэнтэй байршилд байрладаг. Бид нийслэлийн өмчийг энэ мэт хууль бусаар ашиглаж, эзэмших асуудалд гол анхаарлаа хандуулж, уг барилгыг гэхэд 2024 оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авсан. 28-30 түрээс эзэмшигчтэй шууд гэрээ байгуулж, 20 сая төгрөгийн орлогыг нийслэлд шууд төвлөрүүлж байна. Нийслэлийн өмчийг ашиг олох зорилгоор дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого төвлөрүүлэлт 186 хувиар давж биелсэн. Бидний ажиллаж буй 3, 4 дүгээр хороололд байрлах Гар утас худалдааны төвийн барилга нь 2025 оны өмч хувьчлалын жагсаалтад орсон. Барилгын үнэлгээ хийх компанийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Үнэлгээ хийсний дараа олон нийтэд нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулна” гэв.

Түүнчлэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын цаасан суурьтай мэдээллийг бүрэн цахимжуулах, алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар онцоллоо.


В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй