Шууд Chart

“Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага эхэллээ

2025-06-23 10:22:05

Монгол Улс, БНФУ хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байгаа “Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага өнөөдөр НОБГ-т эхэллээ.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийг эхлүүлж, Агаараас эрэн хайх, аврах 3 нэгж нисдэг тэрэг, сургалтын байгууламж нийлүүлж, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдсан. Тус төслийн хоёрдугаар шат буюу “Онцгой байдлын байгууллагын Агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах” төслийн хүрээнд нисдэг тэрэгний нисгэгч, инженер, техникийн ажилтан, аврагчдыг сургаж бэлтгэх үйл ажиллагаа явагдаж байна. Эдгээр төслүүд нь Монгол Улсын гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэхэд төдийгүй хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг энд онцлон тэмдэглэе. Бүгд Найрамдах Франц Улсын Анагаах ухааны академийн сангийн эрдэм шинжилгээний зөвлөлийн нисгэгч, эмч, сувилагч нар нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажилтнуудын онол, практикын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна” гэлээ.

Харин БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера “Хоёр орны хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг энэхүү сургалтаар нэмэгдүүлж байгаад баяртай байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа нисдэг тэрэгтэй түргэн тусламжийн сургалтад амжилт хүсье” хэмээсэн юм.

Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтад ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, 09, 113, 111, 120, 119 дүгээр анги, НОБГ, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэлзүйч хамрагдаж байна.
Мөн ЗХЖШ-ын Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 065, 303, 337 дугаар анги, ХХЕГ, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, ЭМЯ, ЭХЭХҮТ, Улсын I, II, III төв эмнэлэг, ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн холбогдох эмч, мэргэжилнүүд оролцож байгаа гэдгээрээ онцлог юм.

Сургалтыг БНФУ-ын Анагаах ухааны академийн сангийн дэргэдэх HEMS эрдэм шинжилгээний зөвлөлийг 4 гишүүн удирдан явуулах бөгөөд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр агаарт өвчтөн тээвэрлэх, буулгах үзүүлэх хамтарсан сургалтыг зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


“Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага эхэллээ  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй