Шууд Chart

“Дүрмээ мөрдье” аян улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдлаа

2025-07-24 16:27:54

Замын хөдөлгөөний соёлгүй байдал, дүрэм зөрчих үйлдлүүд нь зөвхөн хувь хүн төдийгүй нийт нийгмийн аюулгүй байдалд заналхийлж буй хүндрэлийг бий болгодог. Тиймээс гарч болзошгүй урьдчилан сэргийлэх, зөв хандлага төлөвшүүлэх, нийгмийн ухамсарт нөлөөлөх зорилгоор "Дүрмээ мөрдье" нэртэйгээр улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.

Энэ оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийн хооронд хэрэгжсэн уг аян нь зам тээврийн осол, зөрчлийг бууруулах, иргэдийн эрх зүйн мэдлэг, ухамсар хандлагыг дээшлүүлэх зорилготойгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаан дээр суурилсан, олон талын оролцоог хангасан, нийгэмд бодит үр нөлөө үзүүлсэн аян болж өндөрлөсөн юм.

Аяны хамгийн том давуу тал нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, байгууллагуудын дэмжлэгтэйгээр иргэдийн анхаарлыг татахуйц агуулгатай, зорилтот бүлэгт чиглэсэн мэдээлэл, контентыг үр дүнтэй түгээсэн явдал байлаа.
Аяны хүрээнд 175 видео шторк, 60 видео контент, 32 зурагт постер, 17 рийл, нийт 304 мэдээ, мэдээлэл бэлтгэгдэж, цахим орчинд 63.7 сая хүнд хүрсэн нь нэг хүнд 18 удаа мэдээлэл хүргэсэнтэй тэнцэх өндөр давтамжтай байв.

Олны танил хүмүүс, контент бүтээгчид, урлаг, соёлын төлөөлөл оролцсон нь аянд хандсан иргэдийн анхаарал, оролцоог нэмэгдүүлсэн. Мөн банкнуудын АТМ, ТҮЦ машин, Emongolia систем, үүрэн холбооны операторууд зэрэг олон сувгаар аяны уриа, санамжийг түгээснээр 4.4 сая хэрэглэгч, 1.3 сая цахим үйлчилгээний хэрэглэгчдэд хүрсэн байна.

Аяны хүрээнд зөвхөн мэдээлэл түгээхэд төвлөрөхөөс гадна бодитой, үр нөлөөтэй хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажлууд хийгдсэн юм. Тухайлбал, 157 цэгт 403 алба хаагч оролцож, 177 мянга гаруй тээврийн хэрэгсэл шалгаж, 131,142 зөрчил илрүүлсэн бол, 3002 жолооч согтуугаар, 1644 жолооч эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсныг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 12 сэжигтэн, оргодол, эд зүйлсийг илрүүлсэн нь иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаа.

“Дүрмээ мөрдье” аяны үр дүнд зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурч, нас баралт 35.7 хувь, буурсан байна. Хүүхэд өртсөн осол 6.5хувиар буурсан байна.


“Дүрмээ мөрдье” аян улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдлаа  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй