
Хүн бүрийн догдолдог, хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ.
Баярт энэ өдөртэй зэрэгцэн аюулгүй байдал, анхаарал татах олон асуудлууд санаа чилээдгийг мартаж болохгүй юм. Тиймээс асран хамгаалагч, аав, ээжүүд болон хүүхдүүддээ зориулсан дараах чухал зөвлөмжийг хүргэж байна.
Он гарсаар өнөөдрийн /2025.09.01/ байдлаар ахуйн хүрээний гал түймрийн улмаас 14 хүүхэд нас барж, 5 хүүхэд түлэгдэж гэмтсэн байна. Тиймээс гал гарах зүйлстэй харьцахдаа болгоомжтой байж, хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Он гарсаар өнөөдрийн байдлаар гол, усны ослоор 20 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн тул анги, хамт олноороо гол, нуурын эрэг дагуу аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, зориулалтын бус хийлдэг гудас, завь, дугуй зэргийг ашиглан гол, усанд орохгүй байж, аав, ээж, гэрийнхэндээ заавал мэдэгдэж байгаарай.
Он гарсаар өнөөдрийн байдлаар 3 хүүхэд сураггүй алга болсон, төөрсөн шалтгаанаар амиа алдсан байна. Тиймээс таньж мэдэхгүй газраар ганцаараа явахгүй байх, найз, нөхөд, анги хамт олноороо явахаар бол нэгдсэн зохион байгуулалттай, бие биенээ харилцан хүндэтгэж, асран хамгаалагч, харгалзагчийнхаа шаардлагыг биелүүлдэг байгаарай.
Мөн бага насны хүүхдүүдийн хувьд өндрөөс болон нүхэн жорлонд унах, гар хөлөө угаалгын машин, цонхонд хавчуулах зэрэг дуудлага, мэдээлэл ОБЕГ болон ЦЕГ-т бүртгэгддэг тул бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх, хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, цонхондоо хаалт, хамгаалалт хийх зэргээр эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Хүн хэлэхээс нааш цаас чичихээс цааш гэдэг дээ. Бидний мэддэг, анзаардаг хэрнээ анхаарал сулруулснаас үүдэж гэнэтийн аюул, осол тохиолдож, бүртгэгдсээр байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байгаа юм. Тиймээс санаандгүй, болгоомжгүй үйлдэл, хэлж, ярьж зөвлөөгүйн улмаас дараа нь харамсах биш хамтдаа сэргийлдэг, зөвлөдөг бас үлгэрлэдэг байхыг уриалж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://belenbai.mn/ сайтаас аваарай.
Эх сурвалж: ОБЕГ
Баярын өдөртэй зэрэгцсэн "бяцхан" зөвлөмж | ||
Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.