
Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болно. Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх ба Баянхонгорт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрөлд өрсөлдөөн өрнөх юм.
Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд спортын томоохон арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай бөгөөд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “МХБХ-ны футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн”, 2022 онд бадминтоны өсвөр үеийнхний УАШТ, 2023 онд Монголын хүүхдийн спортын зуны VII наадам, 2023 онд Монголын волейболын холбооны клубуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.
1961 оноос эхлэн Монголын бүх ард түмний спартакиадыг дөрвөн жил тутамд зохион байгуулахдаа биеийн тамир спортын шинэ төрлүүдийг орон нутагт дэлгэрүүлэхийн зэрэгцээ спортын шинэ амжилтыг тогтоох, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөн олныг хамруулахад чухал үүргийг гүйцэтгэж ирэв.
Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойг угтаж анхдугаар наадмыг зохион байгуулахад өвөл, зуны спортын нийт 17 төрөлд бүх шатны тэмцээнд 130 мянга гаруй тамирчин оролцсоноос спортын зэргийг шинээр 1134 тамирчин, үүний дотор спортын мастерын болзлыг 21 тамирчин биелүүлж, улсын дээд амжилтыг 29 удаа шинэчлэн тогтоожээ.
Харин 2008 оноос Монголын бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд (паралимп, дифлимп)-ийн спортыг хамруулан өргөжүүлсэн байна.Монголын бүх ард түмний спартакиад: 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онд болж, Монголын бүх ард түмний спортын наадам: 2004, 2008, 2012, 2016, 2022 онд болж байв.
Анхдугаар наадам (1961 он)-ын өвөл, зуны төрөлд “Алдар”, "Булган” нийгэмлэгүүд тэргүүлсэн бол отгон наадам (2022 он)-д дүүргүүдээс Баянзүрх (101 медаль), аймгуудаас Хэнтий (49 медаль) аймаг тэргүүлсэн билээ.
Монголын бүх ард түмний спортын наадам Улаанбаатар хот, Баянхонгор аймагт болно | ||
Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.