Шууд Chart

Европын орнуудын стандартчиллын тогтолцоотой танилцав

2014-09-29 13:27:23

Монгол Улс Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн шугамаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 22-26-ны өдрүүдэд Берлин, Брюссель, Лондон хотноо танилцах айлчлал хийжээ.  

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид ХНБГУ-ын үндэсний стандартын байгууллага болох Германы стандартын хүрээлэн /DIN Deutsches Institut für Normung e.V./, Их Британы үндэсний стандартын BSI компани болон Итгэмжлэлийн алба /UKAS/-нд зочилж үйл ажиллагаатай нь танилцсанаас гадна Брюссельд төвтэй Европын стандартын хороо /CEN/, Европын цахилгаан техникийн стандартын хороо /CENELEC/, Европын стандартчилалд   хэрэглэгчдийг төлөөлөх холбоо (ANEC), Европын худалдааны танхим (EUROCHAMBRES), Европын Комиссын Худалдааны болон Үйлдвэр, аж ахуйн Ерөнхий газруудын төлөлөлтэй уулзаж Европын холбооны стандартын тогцолцоо, стандардчиллын бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчин, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч туршлага судлан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техникийн болон бусад саад тотгорыг арилгах, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна.
 
Уулзалтын үеэр талууд Европын Холбооны стандартын тогтолцоонд оролцогч байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээрийн туршлага, сургамжын талаар мэдээлэл авахын зэрэгцээ энэ онд 25 жилийн ойгоо тэмдэглэж буй хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад стандартын гүйцэтгэх үүргийн талаар болон Европын Комиссоос зохион байгуулдаг “Хөгжлийн төлөөх элч” арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийхний хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг хамтын ажиллагааны тодорхой асуудлаар мөн ярилцжээ.
 
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын нэгнээс үйл ажиллагаагаа эхэлсэн “Монгол Улсын Стандартчилалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” ЕХ-ны энэхүү төсөл Монгол Улсад ЕХ-ны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэн нутагшуулах тухай Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын стандартын тогтолцоо, түүний хууль эрх зүйн үндсийг шинэчлэн олон улсын жишигт хүргэх замаар манай улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, ЕХ-ны болон олон улсын зах зээлд гаргах бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн экспортыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.     
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Европын орнуудын стандартчиллын тогтолцоотой танилцав   
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй