
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 24 дэх удаагийн уулзалт 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Йорк хотноо болов.
Уулзалтыг ДГХБО-ын Бүлгийн дарга Боливи Улсын Гадаад хэргийн сайд Сэлинда Соса Лунда удирдан явуулж, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Лок Бахаду Тапа, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима нар нээлтийн үг хэлэв. Уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, мөн транзит улсууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын 40 орчим төлөөлөгч үг хэлэв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эл уулзалтад оролцож хэлсэн үгэндээ Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөрт туссан олон чухал ажлыг үр дүнтэй, цаг хугацаанд нь хэрэгжүүлэхийн зэрэгцээ улс орнууд үндэсний түвшинд хүлээсэн үүрэг амлалтуудаа тууштай хэрэгжүүлэх замаар ДГХБО өмнөө тавьсан зорилтуудаа бодит ажил хэрэг болгох боломжтой гэдгийг цохон тэмдэглэв.
Тэрбээр Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнтэй хэрэгжилтэд Улаанбаатар хотод төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төв дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэж, тус судалгааны төвийг байгуулах тухай Олон улсын хэлэлцээрт нэгдэж орохыг гишүүн орнуудад уриаллаа.
Ирэх 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц болон Биологийн олон янз байдлын тухай Риогийн конвенцын Талуудын бага хурлыг Монгол болон Армени Улс тус тус хүлээн авч зохион байгуулах нь ДГХБО-ын хөгжлийн асуудлыг ахиулахад чухал боломж болохыг мөн онцоллоо.
Уулзалтаас Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт, түүнийг эрчимжүүлэх арга зам, Авазагийн Үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг тусгасан Сайд нарын тунхаглалыг батлав гэж Гаддаад харилцааны яамнаас мэдээллээ.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Нью-Йорк хотноо болов | ||
Үзсэн: 128 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.