Билгийн тооллын XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н хоёрдугаар сарын 18-ны өдөр тохиож байгаа. Монголчууд Цагаан сараар элбэг хангалуун, идээ шүүс өнгөтэй байх нь тухайн жилийнхээ өнгийг харуулдаг хэмээн билэгддэг учир айл бүр ууц, өвчүү сонгохдоо ихээхэн ач холбогдол өгдөг.
Сар шинийн баярын ширээнд хүндтэй байр эзэлдэг хонины ууц, үхрийн өвчүү болон бууз баншны махны үнэ ханшийг сурвалжлахаар Хүчит шонхор худалдааны төвийг зорилоо. Хүчит шонхор захад малчид, наймаачид ачааны машины тэвш, дээр хонь, ямааны махыг гулуузаар, үхэр, адууны махыг өрөөл болон хаа, гуяар худалдаалж байна.

Харин Хүчит шонхор худалдааны төвд махыг ангилж, жижиглэнгээр худаалж байна. Энэ нь гадаах худалдаанаас арай үнэтэй байдаг. Хүчит шонхор захын гадна талбайд ихэвчлэн хонь, ямаа, үхрийн мах худалдаалагдаж байна. Иргэд мах хэр их хэмжээгээр авахаас шалтгаалж, наймаачид үнээ тодорхой хувиар буулгаж өгч байв.
Иргэдийн хувьд ихэвчлэн хонины махыг гулуузаар авч байлаа. Хонины гулууз мах килограмм нь 13000-14500 төгрөгийн үнэтэй байна. Дунджаар хонины гулууз нь 18-25 кг орчим байх бөгөөд 248-350 мянган төгрөг болж байлаа.
Баянгол дүүргийн иргэн Б.Золоо “Цагаан сарын буузны махаар авахаар явж байна. Жижиглэнгээр үхэр, хонины мах нэлээд үнэтэй байна. Жижиглэнгээр авч байснаас гулууз авбал арай дээр юм шиг байна. Жижиг хонины гулууз нь килограмм 13500 байна. Арай том гулууз килограмм 14500 төгрөгийн үнэтэй байна. Харж явж байгаад боломжийн мах авна даа. Манайд баяр дөхөөд ирэхээр бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэг. Үүнийгээ болимоор байна” гэдгийг онцолсон юм.

Цагаан сарын баярын шүүсэнд зориулж бэлтгэсэн хонины ууц 350-950 мянган төгрөгийн ханштай худалдаалагдаж байна. Хүчит шонхор зах дээр борлуулагдаж буй хонины ууцнууд 25-40 кг-тай байна. Харин Үхрийн өвчүүг 441-567 мянган төгрөгөөр худалдаалж байна.

С. Цэнгэл: Ууцны үнэ жингээс хамаарч янз бүр байгаа. Хамгийн бага ууц 350 мянга төгрөгийн үнэтэй байна. Харин хамгийн том буюу 40 кг дээш жинтэй ууц 850-950 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жилийн хувьд ханш нэг их нэмэгдсэн зүйл байхгүй. Иргэдийн худалдан авалт тааруухан байна. Цагаан сар дөхөөд ирэхээр худалдан авалт сайжрах байх” гэв.

Харин Хүчит шонхор худалдааны төвийн зааланд үхэр, хонь, ямаа, адууны махыг худалдаалж байна.
- Үхрийн мах жижиглэнгээр килограмм нь 22000-27000 төгрөгийн үнэтэй.
- Хонины мах жижиглэнгээр килограмм 17000-19000 төгрөгийн үнэтэй.
- Ямааны мах, ястай килограмм нь 15000 төгрөгийн үнэтэй.
- Адууны мах килограмм нь 15000 төгрөгийн үнэтэй байна.

Хүчит шонхор худалдааны төвийн түрээслэгч Н. Туяа “ Энэ жилийн хувьд орон нутгаас мах маш бага орж байгаа. Мөн малчид махаа өөрсдөө худалдаалдаг болсон учраас мах ховордож үнэ нэмэгдэж байгаа. Нийлүүлэлт сайн байвал махны ханш тогтвортой байх боломжтой.
Малчид ихэвчлэн өөрсдөө зах худалдааны төвийн ханш адилхан худалдан борлуулж байна. Бидний хувьд махыг үнэтэй зарж борлуулаад их ашиг олоод байгаа зүйл байхгүй. Махны үнэ ханш нэмэгдэхээр бидэнд буруу өгдөг. Малчид махаа үнэ хямд өгдөггүй. Зах зээлийн ханшаар борлуулдаг” гэв.
| Хонины ууц 350-950 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна | ||
| Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.