Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам хамтран Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургуулийн 85 жилийн ойн хүрээнд Сувилахуйн олон улсын III их хурал өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.
Хуралд гадаадын 20 гаруй эрдэмтэн, судлаач, Улаанбаатар хот болон орон нутгийн эрүүл мэндийн нэгдэл, I, II, III шатлалын эмнэлэгт ажиллаж байгаа 800 гаруй сувилагч, төлөөлөгч оролцож байгаа юм.
Хуралдаан үдээс хойш болтол салбар хуралдаануудаар үргэлжлэх бөгөөд энэ үеэр эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог сайжруулах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, сувилахуйн боловсролыг боловсронгуй болгох, дууриамал орчин дахь сургалтыг өргөжүүлэх зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус хуралд оролцсон. Тэрээр “Сувилагч хүнийг эмчийн туслагч гэж боддог ойлголт ард хоцорчээ. Сувилахуйн ухаан нь бие даасан шинжлэх ухаан, сувилагч бол мэргэжилтэн юм. Сувилахуйн сургууль 85 жилийн түүхэндээ 32 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Шинэ түвшний боловсролын хэрэгцээг хангахын тулд сувилагч бэлтгэх хөтөлбөрөө шинэчилж, олон улсын түвшинд хүрсэн ур чадвар, ёс зүйтэй мэргэжилтэн зорилго тавин ажиллах хэрэгтэй. Сувилахуйн сургуулийг төгссөн сувилагч нар аль ч оронд очоод мэргэжлээрээ ажиллах чадвартай байх ёстой” гэлээ.
Сувилахуйн олон улсын III их хурал болж байна | ||
Үзсэн: 1333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.