Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжих боломжгүй гэж үзлээ

2014-10-09 11:50:33

УИХ-ын  2014 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар тус тус танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нар хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлын өвчин нь хувь хүний эрүүл мэндийн нууцлалд хамаарах нь зүйтэй, уг мэдээлэл ил болсон нь хувийн нууцын хамгааллын эрх зүйн дэглэм хөндөгдөхөд хүрч байгаа тул Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.
 
Мөн хуралдаанаар Хувь хүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ...-ыг хуулиар хамгаална,” мөн зүйлийн 17 дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-ыг хангах зорилгоор задруулж үл болох... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална,” Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуй... хууль зүйн... баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжжээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Д.Ганбат, Ц.Оюунбаатар нар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
 
Харин Байнгын хорооноос цэцийн дүгнэлтийг дэмжсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ.
 
Уг асуудлын дараа чуулганы хуралдаанаар “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
 
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжих боломжгүй гэж үзлээ  
Үзсэн: 1222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй