Шууд Chart

Сангийн сайд ирэх оны төсвийн талаар мэдээлэл хийлээ

2014-10-09 13:51:12

Долоо хоног бүрийн пүрэв гарагт “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болдог. Харин энэ намрын чуулганаас эхлэн “Ерөнхий сайдын 30 минут” бус “Сайдын 30 минут” хэмээн нэрлэж сайд нар ээлжлэн оролцож тухайн салбарынхаа талаарх мэдээллийг өгч байхаар болжээ. Харин Ерөнхий сайд долоо хоногт нэг удаа сэтгүүлчидтэй уулзалт хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байх аж.

Өнөөдрийн “Сайдын 30 минут” уулзалтад ирэх оны төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан Сангийн сайд Ч.Улаан оролцлоо. Тэрээр уулзалтын эхэнд ирэх 2015 оны Төсвийн төслийг өргөн барьсан гээд төсөв нь тухайн орны улс төр, эдийн засгийн бодлогын тоон илэрхийлэл байдаг гэдгийг онцоллоо.
 
Сангийн сайдын хэлснээр ирэх 2015 оны төсөв нь өмнөх жилийн төсвүүдээс үндсэндээ гурван онцлогтой байх аж.
1.      Ирэх оны төсөвт орон нутгийн  төсвийн байгууллагын анхан шатны эрх захирагчдад төсвийн эрх мэдэл үүрэг хариуцлагыг цогцоор нь шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл ирэх оноо эхлэн тухайн шатанд төсвийг хэрэгжүүлэх эрх мэдэл, хөрөнгө оруулалтыг  Орон нутгийн сантай нь хамт эрх мэдлийг нь шилжүүлж байгаа ажээ.
2.      Ирэх оноос эхлэн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор төсөвт байгаа боломжийг илүү дайчлах зарчим баримталсан байна. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд өнгөрсөн оныхоос 2.5 дахин их төсөв зарцуулах ажээ.
3.      Төсвийн гадуурх зардал их байна гэж яригддаг учраас ирэх оны төсвөөс эхлэн Монгол улс нэгдсэн нэг төсөвтэй болох бөгөөд бусад бүх төсөв улсын төсвөөр дамждаг болох аж. Үүнд Хөгжлийн банк, Чингис бондын хөрөнгө зэрэг бүгд хамаарах юм байна.
 
Үүнээс гадна ирэх оны төсвийн орлого энэ оны гүйцэтгэлээс 900 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Мөн ирэх оны төсвийг боловсруулахдаа төсвийг огт нэмэгдүүлэхгүй байх таван зарчмыг гаргахын зэрэгцээ тэвчин өнгөрөөх таван зорилгыг мөн тусгасан байна. Тухайлбал төрийн байгууллага, албан хаагчид тавилга ширээ сандлаа шинэчлэхгүй байх, шинэ албан өрөө, контор барихгүй байх зэргийг тэвчин өнгөрөх зорилгод хамаарч байгаа гэдгийг Сангийн сайд хэллээ.
 
Мөн төсвийн орлого зарлага үндсэндээ тэнцэж байгаа бөгөөд ирэх онд төсвийн зарлагыг хэмнэлтийн горимд шилжүүлсэн байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сангийн сайд ирэх оны төсвийн талаар мэдээлэл хийлээ  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй