
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд энэ оны зургадугаар сарын 12-нд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр энэхүү хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд уг хэлэлцээрийн давуу тал, үр өгөөжийн талаар тодотгосон юм.
С.Бямбацогт гишүүн "Гишүүд сая асууж байна, энэ хэлэлцээр хөнгөлөлттэй зээл, зээлийн лимиттэй зөрчилдөх үү гэж. Манай улсын гаднаас авч байгаа зээлүүд таван жилийн хугацаатай, доод тал нь жилийн 5-8 хувийн хүүтэй байгаа. Хэрвээ бид одоо гаднаас арилжааны зээл авбал жилийн 10 хувь буюу өндөр хүүтэй зээл авна. Харин "Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл"-ийн зээлийн тухайд 30 жилийн хугацаатай, ямар ч хүү байхгүй. Зориулалт нь хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Өнөөдөр манай улсын ард иргэд нийслэлийг зорин ирж эмчлүүлдэг. Боломжтой нь гадагшаа явдаг. Улсын нэг, гуравдугаар эмнэлэгт өвчнөө оношлуулж, биеэ эмлчүүлэх гэж хүн багтах, хөл гишгэх зайгүй хөдөө гадаанаас ирж оочерлодог. Энэ асуудлыг шийдэхийн тулд өмнө нь зүүн бүсийн Дорнод аймагт оношлогоо эмчилгээний төв байгуулах ийм төсөл амжилттай хэрэгжсэн.
Улаанбаатараас хамгийн их алслагдсан Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн 300 мянган иргэн биеэ эмчлүүлж оношлуулахаар нийслэл рүү явахын оронд бүсийн оношлогоо, эмчилгээний төвд шууд очвол онгоцоор нисэх 700 мянга, машинаар явах 200 мянган төгрөгийн зардал хэмнэгдэнэ. Онгоцоор гурван цаг нисч, машинаар бүтэн хоёр хонож байж нийслэлд ирнэ. Тэгэхээр 1400 км-ийн цаадах Увсаас Улаанбаатарт ирж эмчлүүлэх үү, эсвэл Ховд аймаг руу 200 км явж 20 мянган төгрөгийн зардал гаргах уу гэдгийн аль нь ард иргэдэд хэрэгтэй вэ. Тийм болохоор баруун бүсэд ажиллаж амьдарч байгаа иргэдийн эмчилгээ, оношилгоо, эрүүл мэндэд хэрэгтэй төсөл учраас дэмжиж байна" гэлээ.
Түүний хэлснээр төслийн 90 орчим хувь тоног төхөөрөмж, сургалтад зарцуулагдах бөгөөд Монголдоо үлдэх, ард иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах төсөл юм байна. Энэ төвд ямар тоног төхөөрөмж шаардлагатай, яаж суурилуулах вэ гэдэг талаар гурван удаа судалгаа хийгджээ. Тиймээс шаардлагатай, оновчтой тоног төхөөрөмжийг суурилуулах талд анхаарах, мөн сургалтыг ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллахтай холбох чиглэлээр тодорхой ажил хийх хэрэгтэйг Эрүүл мэндийн сайдад хэлсэн юм.
С.Бямбацогт: Баруун бүсийн ард иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.