Шууд Chart

“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг дэмжлээ

2014-10-09 15:30:55

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өнгөрсөн долоодугаар саррд өргөн мэдүүлсэн юм.

Конвенцийн гол зорилго нь хүнийг “хүчээр алга болгох”-оос хамгаалах, ийм төрлийн үйлдлийг таслан зогсоох, гишүүн улс бүр уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хууль тогтоомждоо тусгах, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахад оршиж байгаа аж. Энэхүү конвенц нь Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа, хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ тул Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар УИх-аар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, олон улсын гэрээ конвенцийг орчуулахдаа орчуулгын ямар хэлбэрийг барьж ажилладаг талаар тодруулсан бол Ч.Хүрэлбаатар гишүүн энэ конвенцид орсноор гадаад улс орнуудад алга болсон монгол иргэдийн талаарх асуудлыг шийдэх, арга хэмжээ авах ямар давуу тал, нөхцөл боломж бий болох асуудлыг хөндсөн. Орчуулгыг хадмал хэлбэрээр хийдэг бөгөөд ямар нэгэн хэлбэрээр хийх тодорхой хуульчилсан зүйл байхгүй. Олон улсын гэрээний эрх зүйн дагуу бусад улс орны жишгээр явдаг гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгсөн бол энэхүү конвенцид нэгдэн орсноор хохирсон иргэний асуудлыг шийдэх гол механизм бий болно гэдгийг Хууль зүйн сайд хэллээ. УИХ-ын гишүүн С.Баярцогт, энэ конвенцид манай өмнө болон хойд хөрш хоёулаа нэгдээгүй байгаа. Мөн АНУ, Канад нэгдээгүй. Харин Латин америкийн улсууд, Азиас Япон, Европын холбооны улсууд нэгдсэн. Гарын үсэг зурж баталгаажуулсан 33 улс байдаг. Манай улс цаашид том том конвенциудад нэгдэхдээ өөрсдийн нөхцөл байдлыг үнэлээд, харилцан хамааралтай, бизнес хийдэг, манай иргэд хамгийн их зорчдог улс орнууд нэгдэж байна уу үгүй юу гэдгийг судалж байж нэгдэхэд анхаарах шаардлагатайг хэллээ.
 
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь дэмжлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг дэмжлээ  
Үзсэн: 2165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй