
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны зургаадугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн сайд Н.Батбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг нар танилцууллаа.
Төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр ханган, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршиж байгаа аж. Уг зорилгын хүрээнд БОЭТ ба бусад төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах (телемедицин), БОЭТ-ийн лаборатори, оношилгоо, чадавхийг бэхжүүлэх,БОЭТ дахь эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, Бүсийн менежер, эмч, мэргэжилтнүүд болон инженер техникчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах,Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд мэдээллийн технологи нэвтрүүлэх, ашиглалтыг сайжруулахаар төлөвлөсөн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултад Эрүүл мэндийн сайд Н.Удвал хариулт өгөв. Мөн гишүүд байр сууриа илэрхийлж үг хэлсэн. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 65.6 хувьд хүрсэн. Өртэй хүн өөдөлдөггүй гэж ярьдаг. Өнөөдөр өрийн хэмжээг нэмэгдүүлэх хэмжээгээр дахиад зээл орж ирж байна. Эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед заавал гаднаас зээл авах шаардлагагүй. Үргүй зардлаа хасаж, энэ төслийг хэрэгжүүлэхэд төсвийн хэмнэлтүүдийг гаргаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Харин С.Баярцогт гишүүн, хуулийн төслийг дэмжихээ илэрхийлсэн юм. Тэрээр, дотооддоо байгаа хүндрэлүүдээ яриад шийдэж болно. Харин гадаадтай харьцаж байгаа харилцаан дээрээ хэн нэгэн сайдын үзэл бодлоор явж болохгүй. Энэ төслийг хэрэгжүүлэх асуудал бол манай талын тавьсан санал. Гадна талдаа монголчууд нэг бодолтой байх хэрэгтэй гэсэн бол С.Бямбацогт гишүүн, манай улс олон улсад нэр хүндээ алдаж болохгүй. Баруун бүсийн ард иргэд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг. Баруун бүсээс өвчин зовлонгоо эдгээх гэж, сургууль, ажилд орж амьдрал ахуйгаа сайжруулах гэж Улаанбаатарт ирдэг. Тэр хэмжээгээр нийслэлд суурьших хүн амын өсөлт нэмэгдэнэ. Иймд баруун бүсийн иргэдийг нутагтаа сайхан амьдрах орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. 30 жилийн хугацаатай хүүгүй зээлийг яагаад дэмжиж болохгүй гэж. Зээлийн зарцуулалт, зохицуулалт нь ч өөр нөхцөлтэй байгаа. Алслагдсан бүс нутагт амьдарч байгаа ард иргэдийг дэмжиж туслах ёстой гэсэн юм.
Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн юм.
“Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг дэмжив | ||
Үзсэн: 1171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.