Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээн зургаадугаар сарын 3-7-ны өдрүүдээр Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөв.
Энэ тэмцээнд 23 орны 297 тамирчин, 30 алтан медалийн төлөө хүч сорилоо. “Улаанбаатар опен"-ийг манай улс хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав.

Сүүлийн өдрийн барилдаанаар медаль хүртсэн тамирчдын мэдээллийг тоймлон хүргэж байна.

Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ Т.Тулга аваргалав. Тэрээр өмнөх жил энэ тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан алтан медалийн эзэн боллоо.
Эл жинд Кыргызүүд өнгөтэй наадсан юм. Гавьяат тамирчин Т.Тулгатай шигшээд барилдахаар шалгарсан Рустамжан Кахаров бэртсэн тул дэвжээнд гарч ирсэнгүй.
Харин түүний нутаг нэгт Аден Сакыбаев манай тамирчин Б.Өсөхбаярыг буулган авч, хүрэл медальд хүрэв. Нөгөө хүрэл медалийн эзнээр 23 хүртэлх насныхны Европын АШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, ОХУ-ын Магомед Элтемиров тодорсон юм.
70 кг-ын дүн
- Т.Тулга (Монгол)
- Рустамжан Кахаров (Кыргызстан)
- Аден Сакыбаев (Кыргызстан)
- Магомед Эми Элтемиров (ОХУ)

Азийн АШТ-ий 3 хүрэл медальт, ОУХМ О.Сүлдхүү өмнөх жилийн “Улаанбаатар опен” тэмцээнд медалийн төлөө өрсөлдөөд мултарч байсан бол энэ удаа дутуугаа гүйцээн хүрэл медаль авлаа.
Тэрээр Энэтхэгийн тамирчин, энэ оны Азийн АШТ-д үзүүрлээд торгон ирэндээ ирсэн Сандееп Сингх Манныг оноогоор цэвэр ялж, энэхүү медалийн эзэн болсон.
Эрэгтэйчүүдийн 79 кг-ын шигшээ барилдаанд ОХУ-ын тамирчин, U20 ангиллын дэлхийн аварга, U23-ийн Европын хошой аварга Исмаил Ханиев ялав. Тэгвэл Ираны тамирчин, 2025 оны Азийн аварга Махди Мохаммад Юсефихаживар мөнгөн медаль дээр буулаа.
Энэ жингийн нөгөө хүрэл медалийг Казахстаны Шамсат Тайр зүүсэн юм.
79 кг-ын дүн:
- Исмаил Ханиев (ОХУ)
- Махди Мохаммад Юсефихаживар (Иран)
- О.Сүлдхүү (Монгол)
- Шамсат Таир (Казахстан)

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-ын шигшээ барилдаанд манай тамирчин Т.Дэмчигдорж болон ОХУ-ын Мухамед Ханиев нар өрсөлдөв.
Өсвөр үеийнхний дэлхийн аварга, U23 ангиллын Европын АШТ-д сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд буй Ханиев аргагүй өнгөтэй буйгаа харуулж, шигшээ барилдаанд оноогоор цэвэр ялсан юм.
Т.Дэмчигдоржийн хувьд, өмнөх жилийн “Улаанбаатар опен”-д медалийн төлөө барилдаад мултарч байсан бол энэ удаа амжилтаа ахиулаад мөнгөн медаль дээр буув.
97 кг-ын дүн:
- Мухамед Тахир Ханиев (ОХУ)
- Т.Дэмчигдорж (Монгол)
- Түшиг (БНХАУ)
- Вики Вики (Энэтхэг)
| Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн хөшгөө хаалаа | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.