Шууд Chart

Тээврийн салбарын зохицуулах хорооны 23 дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ

2026-06-08 13:25:38

Өнөөдөр (2026.06.08) Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа” (CAREC)-ын Тээврийн салбарын зохицуулах хорооны 23 дахь удаагийн олон улсын хурал уулзалт албан ёсоор эхэллээ.

Энэ жил CAREC хөтөлбөрийн 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улс 2026 оны CAREC хөтөлбөрийн зохион байгуулагч орны хувьд тус хурлыг эх орондоо зохион байгуулж буйд өндөр ач холбогдол байна. 

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү олон улсын арга хэмжээнд CAREC-ийн гишүүн 11 улсын төлөөлөгчид, Азийн хөгжлийн банк (АХБ), олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд болон тээвэр, ложистикийн салбарын төлөөлөл оролцож байна.

Хурлын нээлтийн үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ, өнгөрсөн 25 жилийн хугацаанд CAREC хөтөлбөр нь бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээврийн холболтыг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй хамтын ажиллагааны платформ болсныг онцоллоо.

Тэрбээр дэлхийн худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ, тээврийн урсгал шинэчлэгдэж буй өнөө үед Төв Азийн бүс нутаг стратегийн шинэ ач холбогдолтой болж байгааг тэмдэглээд, геополитикийн өөрчлөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, тээврийн урсгалын төрөлжилт зэрэг нь улс орнуудыг илүү найдвартай, тогтвортой, олон тулгуурт тээврийн сүлжээ байгуулах шаардлагын өмнө авчирч байгааг дурдав.

Мөн далайд гарцгүй Монгол Улсын хувьд CAREC-ийн коридорууд нь гадаад худалдаа, тээврийн гол гарц, эдийн засгийн амин судас болохыг онцолж, Монгол Улсын Засгийн газар Ази, Европыг холбосон газар зүйн стратегийн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг хэрэгжүүлж байгааг тодотголоо.

Сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс олон улсын автотээврийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход тогтмол анхаарч ирснийг дурдаад, өнөөдрийн байдлаар 25 улстай олон улсын автотээврийн харилцааг шууд хэрэгжүүлэх эрх зүйн боломж бүрдүүлснийг мэдээлэв.

Түүнчлэн Монгол Улс TIR системийг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон, 2016 онд Монголын тээвэрчид нийт TIR тээвэрлэлтийн ердөө нэг хувийг гүйцэтгэж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 47 хувьд хүрч, тээвэрлэлтийн тоо 56-аас 4711 болж өссөн нь салбарын өрсөлдөх чадвар, чадавх эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байгааг тэмдэглэлээ.

Тэрээр мөн  Монгол Улсын зам, тээврийн салбар “Транзит Монгол” зорилтын хүрээнд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Төв Азийн бүс нутгийн хуурай замын тээврийн зангилаа төв болох чиглэлд бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгааг дурдсан юм.

Төмөр замын салбарт экспорт болон транзит тээврийн шинэ гарцуудыг бий болгох зорилгоор Зүүнбаян-Ханги болон баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа бол Замын-Үүд, Алтанбулаг зэрэг стратегийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

Агаарын тээврийн салбарт либералчлалын бодлогыг тууштай хэрэгжүүлж, АНУ болон Европын холбооны орнууд руу шууд нислэг үйлдэх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг тэмдэглээд, Ховд, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн нисэх буудлуудыг олон улсын шууд нислэг хүлээн авах боломжтой болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгааг хэллээ.

Мөн Монгол Улс бүс нутгийн тээврийн эрсдэлийг бууруулах, хил дамнасан тээврийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд олон улсын тээврийн даатгалын нэгдсэн системийг бүрдүүлэх” санаачилгыг дэвшүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагад холбогдох саналаа албан ёсоор хүргүүлээд байгааг мэдээлэв.

Хурлын эхний өдөр CAREC Тээврийн стратеги 2030-ийн дунд хугацааны үнэлгээ, 2026 оны хэрэгжүүлэх арга хэмжээ, бүс нутгийн тээврийн загвар, нийлүүлэлтийн сүлжээний шинжилгээ, тээвэр логистикийн төвийн үйл ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Мөн хил дамнасан тээвэр, иргэний нисэх, төмөр зам, усан тээвэр, ложистик, авто зам, замын аюулгүй байдал, ухаалаг хөдөлгөөн, дижитал шилжилт зэрэг чиглэлээр салбар хуралдаанууд үргэлжилж байна.

Энэхүү уулзалт арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас  “Бүс нутгийн хэмжээнд олон улсын авто тээврийн даатгалын нэгдсэн тогтолцоог бий болгох нь”, “Монгол дахь замын аюулгүй байдал ба замын хөрөнгийн менежмент” сэдвээр илтгэл танилцуулж байгаа бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагаа, тээврийн бодлогын шинэчлэл, тогтвортой хөгжлийн чиглэлээр санал солилцож байна.

Хоёр дахь өдрийн хуралдаанаар CAREC-ийн гишүүн орнуудын тээврийн тэргүүлэх хөтөлбөрүүдийг бүсчилсэн байдлаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх юм гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

 


Тээврийн салбарын зохицуулах хорооны 23 дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй