Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026” сэдэвт орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтад 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага, хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, салбарын мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд, хөгжлийн түншүүд, мөн ноос, ноолуур, арьс ширний салбарын хувийн хэвшлийн төлөөлөл 90 шахам хүн оролцогчид хамрагдаж байна.
Сургалтаар хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн бодлого, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, санхүүжилтийн боломж, түүхий эдийн бэлтгэл, мөшгөх тогтолцоо, химийн бодисын зохистой хэрэглээ, олон улсын стандарт, экспортын боломж зэрэг асуудлаар мэдээлэл солилцож байна.
Сургалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж төрөөс малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих талаар баримталж буй бодлогын талаар танилцуулав.
ХААХҮЯ-наас малын гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, түүхий эдийг гүн боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгааг тэрбээр илтгэлдээ дурдлаа. Энэ хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүсийн төвүүдэд малын түүхий эд, арьс, шир бэлтгэх, боловсруулах үйлдвэр технологийн паркууд байгуулах, арьс шир бэлтгэн нийлүүлэх тогтвортой үйл ажиллагаа бүхий тогтолцоог бий болгох, ноос, ноолуурыг гүн боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих чиглэлд бодитой ажлууд хийж байгааг онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс жил бүр 30 мянган тонн хонины ноос, 8.3 мянган тонн ноолуур, 18 сая гаруй ширхэг арьс, шир бэлтгэх нөөцтэй. Тиймээс энэхүү баялгийг бүрэн эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр байгааг онцоллоо.
Тэрбээр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн үйлдвэрүүдийг дэмжих төдий бус, малчин, хоршоо, түүхий эд бэлтгэгч, орон нутгийн байгууллага, боловсруулах үйлдвэрүүдийг нэг хэлхээнд холбосон үндэсний хэмжээний хөгжлийн хөдөлгөөн болохыг тодотгож, уг хөдөлгөөний дараагийн шатны амжилт нь зөвхөн үйлдвэрүүдийн хүчин чадлаар хэмжигдэхгүй бөгөөд орон нутагт хэр хэмжээний чанартай түүхий эд бэлтгэгдэж, хэдэн малчин, хоршоо, үйлдвэрлэгч энэхүү тогтолцоонд хамрагдаж байгаагаар үнэлэгдэх бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага, хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцоо чухал нөлөөтэй гэлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь шадар суурин төлөөлөгч Лин Цао хэлэхдээ, “Монгол Улсын ноос, ноолуур, арьс ширний салбар нь өндөр нөөц боломжтой боловч нэмүү өртөг шингэх болон өрсөлдөх чадвар, тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон сорилтуудтай тулгарч байна. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн цаг үеэ олсон бодлогын чухал санаачилга бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэхүү үйл ажиллагааг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн” гэдгийг онцоллоо.
Тэрбээр мөн “Орон нутгийн мэргэжилтнүүд нь төрийн бодлого болон бодит хэрэгжилтийг холбосон хамгийн чухал гүүр юм. Тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин, аюултай химийн бодисын хэрэглээг бууруулах, олон улсын шаардлагад нийцсэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд аймаг, орон нутгийн байгууллагуудын манлайлал шийдвэрлэх үүрэгтэй” хэмээн тэмдэглэлээ.
Сургалтын эхний өдөр хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн бодлого, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, арьс ширний мөшгөх тогтолцоо, химийн бодисын зохицуулалт, үйлдвэрлэгчдийг зээлийн батлан даалтад хамруулах боломжийн талаар илтгэлүүд хэлэлцүүлж, “Хөнгөн үйлдвэрийн салбар дахь санхүүжилтийн боломж”, “Химийн бодисын хэрэглээ” зэрэгт сэдэвт нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, орон нутгийн саналуудыг тодорхойлох юм.
Мөн сургалтын хүрээнд Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээр, нэхмэл болон арьс ширний бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, ноос, ноолуур, арьс шир боловсруулах болон савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцана.
Энэхүү сургалт нь “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, төрийн бодлого, үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэлийн тогтолцооны уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

| “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026 сэдэвт сургалт эхэллээ | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.