Шууд Chart

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзав

2026-06-11 15:01:40

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Энэ үеэр сайд Б.Найдалаа салбартаа баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулав.

Улмаар эрчим хүч, банк санхүүгийн салбарынхан хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд Эрчим хүчний яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо хамтарсан санамж бичиг байгуулахаар боллоо. Эл санамж бичиг нь эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, эх үүсвэрийг нэмэгдүүлж, төрөлжүүлэх, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн таатай орчин бүрдүүлэх болон дотоод, гадаадын санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байх юм.

Санамж бичгийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөгжлийн санхүүжилтийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх үүсвэрийг төрөлжүүлэх төслүүд болон батарей хуримтлуурын систем, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шинэчлэл, өргөтгөлийн төслүүдийг үнэлэх, хөгжүүлэлт хийх, үр ашиг бүхий санхүүжилтийн схемийг тодорхойлох талаар санал солилцлоо. Мөн Уур амьсгалын ногоон сан, тогтвортой санхүүжилтийн бусад байгууллагаас эх үүсвэр татан төвлөрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон устөрөгч, ногоон аммиак зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг бойжуулах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэв гэж Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 


Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзав   
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй