Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх “Хүүхдийн спорт цогцолбор" төслийн барилгын ажлын нээлт Монголын Хүүхдийн ордонд боллоо.
Нээлтэнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл, хүүхэд багачууд оролцлоо.

Монголын Хүүхдийн ордон нь 1958 онд байгуулагдсан цагаасаа хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, урлаг, соёлын боловсрол олгох чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 24 төрлийн дугуйланд жил бүр 4000 гаруй сурагч хамрагдаж, 60000 гаруй хүүхдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж байна.
Харин хүүхдийн ордны дэргэд спорт цогцолбор ашиглалтад орсноор спортын 13 төрлийн дугуйлан тогтмол хичээллэж, жил бүр 7000 гаруй хүүхэд сургалт, дасгалжуулалтад хамрагдах боломж бүрдэх юм. Мөн 40000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэнд спорт, чөлөөт цагийн олон талт үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.

Энэ үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр төслийн хэрэгжилтэд нийслэлийн зүгээс онцгой анхаарч, барилгын ажлыг 2027 оны есдүгээр сард төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад шаардлагатай дэмжлэг, хамтын ажиллагааг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
| “Хүүхдийн спорт цогцолбор”-ын барилгын ажил эхэллээ | ||
| Үзсэн: 94 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.