Шууд Chart

Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа

2026-07-08 17:01:35

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл, судалгаа, газар чөлөөлөлтийн талаар холбогдох газрууд санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллагуудыг уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов.

Судалгаанд хамрагдсан нийслэлийн төрийн өмчийн 161 сургуульд 335 мянга гаруй хүүхэд суралцдаг. Нийт суралцагчийн 47.7 хувь нь бага бүлгийн суралцагчид. Бага бүлгийн хүүхдүүдийг сургуульд зөөх, хамран сурах тойргоосоо өөр сургуульд суралцах зэрэг нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг. Сургууль, цэцэрлэг амарсан үед тээврийн хэрэгслийн зорчилт буурдаг талаарх судалгааг нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Систем, динамик загварчлалын газрын захирал М.Гэрэлт-Од танилцууллаа.

Нийслэлийн ЕБС-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өглөө. Нийслэл 2026 он гарснаас хойш 5 сургууль, 3 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал гээд нийт 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан байна. Ингэснээр 4890 хүүхэд хамран сурах тойрогтоо суралцах боломжтой боллоо. Төрийн өмчийн сургуулийн 5429 бүлэг буюу 67 хувь нь 36 буюу түүнээс дээш суралцагчтай байгаа юм. Тиймээс нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдийг хэлэлцлээ.

2026 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 31 байршилд сургууль барих зорилгоор газар чөлөөлж байна. Үргэлжлүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар Боловсролын яам, Дэлхийн банктай өргөтгөсөн уулзалт зохион байгуулахаар боллоо.

 


Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа  
Үзсэн: 100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй