
Энэ долоо хоног тэр чигээрээ баяр наадам, түүхт ой, хөшөө хаалга сүндэрлэсэн, нар хуртай, зам засвартай өнгөрч байна. Хамгийн их дуулиан дагуулах үйл явдал нь Монголын улс төрийг хавар, зун, намар, өвөл, дахиад нэг хавар, зунжин бужигнуулж буй ялтан Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан явдал.
Нэгэн цагт “тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөдөг” шиг Монгол улсад хаанчилж асан энэ эрхэм өнөөдөр ялтны дүрээр, уучлалын хэлбэрээр наранд гарав. Гэсэн ч тэрээр өөрийгөө “огтоос буруугүй ардын баатар тул уучлалыг хүлээн авахгүй” гэсээр хэрэгжилтийг нь биеэрээ эдлээд эхнэр хүүхдээ дагуулаад гэр рүүгээ явчихсан гэж байгаа.
Уг нь иргэн Н.Энхбаяр хийсэн хэрэгтээ гурван шатны шүүхээр дамжин байж ял аваад аавынд морилчихоод байсан ч фенүүд нь түүнийг хилсээр гүтгэгдсэн, “баадаг бурхан” гэж ирээд л өмгөөлөөд сүйд байв. Төр засгаа, ерөнхийлөгчийгөө, хуульзүйн сайдаа гээд зүхэж болох бүхнийг зүхэн зандчиж байлаа ш дээ. Тэдгээр фенүүд бараг л Н.Энхбаяртай өдөр шөнөгүй хамт байж, эхнэртэйгээ орондоо ороход нь хажууд нь лааг нь бариад хонодог байсан юм шиг аягладаг байсан.
Огт гэмгүй хүнийг зохиомол хэргээр шоронд хийчихээд л, тамлаад, л Монголд байхгүй өвчин тусгаад л байсан шиг мэдээлэл гардаг байлаа, тухайн үед.
Адаг сүүлд нь асуудал Н.Энхбаяр ба Ц.Элбэгдоржийн хооронд явагдаж, энэ хүрээд цэгцрэх нягууртай байсан нь ил болов.
Гэтэл Н.Энхбаярыг суллуулах гэж намынх нь хэсэг нөхөд зулын гол болохоос бусдыг л хийх гэж эрмэлзэв. Намынхны хийсэн акцуудын тухайд “зүгээр сууснаас дээр байсан, санаа тавьж буй дүр төрх" зэргийг тодотгох л процесс байж. Зарим талаараа оновчгүй акцууд нь Н.Энхбаярыхныг муухай харагдуулсан тал ч бий.
Хамгийн жигшмээр нь 300 ээжийн Н.Энхбаярын төлөө гэсэн өлсгөлөн зарлуулалт байлаа.
Монгол улсын хүний нөөцөд гэр бүлийнхээ зүгээс онцгой анхаарч, түүнийхээ төлөө төрөөс “алдарт эх” гэдэг хүндэтгэлийг хүлээсэн ээжүүд төрүүлсэн үр хүүхэд, хань ижлээ “хог шаар” мэт хаяад хүний хүүгийн төлөө амь золин, өлсгөлөн зарлаж байлаа шүү дээ. Ээжүүд Хойд Солонгосын удирдагч “чад” хийхэд ард иргэд нь хайртайгаа нотлох гэж цурхиран уйлж, хар толгойгоороо хана мөргөж байсантай огт адилгүй, итгэл үнэмшил нь хэтийдсэн харагдаж байсан. Алдарт эхийн одон зүүтлээ хүсэн, төрүүлсэн үр хүүхэд нь Н.Энхбаяр гэдэг хүнээс үнэгүй байсан гэж байх уу. Ёстой гаж гэхэд хэтэрхий гаж улстөржиж байсан бид.
Гэмгүй ээжүүд цурхирч уйлаад гудамжинд өлсөөд суухад эрх баригчид нэгийг бодож, аятай шийдэл гаргана гэж Н.Энхбаяртангуудын хөл гарууд бодсон байх. Тэглээ гээд асуудал нааштай шийдэгдээгүй, “гэрээ мартсан ээж”-үүдээс болж суллаад тавьчихаагүй шүү дээ. Тэр бүү хэл өөрийнхөө амиар өлсөөд бараагүйг түмэн мэдэж л байсан.
Гэтэл хоногийн хоолоо яая гэдэг ээжүүд хүний “хэрэгтэн” хүүгийн төлөө өлсөж, цангаж уйлж дуулж байгаа дүр төрх бүхий “МАХН-ын акц” олиггүй нэрээс өөр гавьяа байгуулаагүй нь өнөөдөр тод байна. Хамгийн гутамшигтай нь авилгын хэргээр аавынд морилсон, төрийн тэргүүн асангийнхаа төлөө алдарт эхчүүд нь 300-аараа өлсгөлөн зарласан үзүүлэлт энэ дэлхийд байхгүй юм билээ. Тиймээс энэ тэнэглэлээрээ бид Геннисийн номонд бүртгүүлэх бүрэн боломжтой гэж байгаа.
Гэхдээ л өнөөдөр Н.Энхбаяр суллагдсан юм чинь түүний төлөө амиа золих дөхсөн алдар эхийн одонтой ээжүүдэд очиж, үнсүүлээд үхтлээ ачийг нь хариулахаа амласан нь “би буруугүй, өршөөгдөхгүй” гэж гүрийхээс хамаагүй илүү оноо өгч мэднэ.
Нөгөө өнцгөөс нь харвал Н.Энхбаяр суллагдаж гарч ирээд “би өршөөгдөхөөр гэм хийгээгүй” гэж ирээд л хэмх пээдийгээд яваад өгсөн. Намынх нь гэж арваад тооны Долдой нар тойрч гүйгээд инээд алдаад, зарим нь цурхиртал уйлаад сүйд. Ялтан шийтгэлээ хүлээгээд, суллагдах нь үндэсний баатар төрөх дайны баяр болох нь ээ янз нь. Сайнаар ч, муугаар ч “Од” болсон хүн үхсэн ч, төрсөн ч, авилга авсан нь нотлогдсон ч, шоронд орсон ч, суллагдсан ч фентэй л байдаг юм байна гэдэг дүгнэлтэд хүрлээ.
Маргах аргагүй үнэн гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж авилгын хэргээр ял эдэлж байсан Намбарын Энхбаярыг Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхийнхээ дагуу уучилсан байна. Н.Энхбаяр хүлээж авах бодолгүй байсан ч авдгаа аваад гэртээ харьчихсан байна.
Цаашдаа Н.Энхбаяр яах бол гэдэг асуулт хүн бүхний сонирхлыг татаж байна. Харин уучилж чадсан ерөнхийлөгч хатуудаа хатуу хандаж бас юуны магад билээ дээ. Тиймээс Н.Энхбаяртангууд дороо бодолтой, дотроо суурьтай байж, Монгол төрийн хайр энэрлийг хүндэтгэж явбал таарах мэт.
Нөгөөтэйгүүр эзгүй хойгуур нь даам гарч байсан, эрх мэдлийг эв нэгдлээсээ дээгүүрт тавьсан эвсэгч, дэмжигч, нам нэгт нөхдийнхөө учрыг нэг сайн олж, байх ёстой байран дээр нь тавиад өгвөл бас нэг оноо авах л байх.
Э.Болор
Ардын баатар суллагдав уу, авилгачийг уучилав уу? | ||
Үзсэн: 4699 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.