Шууд Chart

Хиллари Клинтоны тухай киног эсэргүүцэв

2013-08-06 13:38:35

АНУ-ын тэргүүн Хатагтай асан, саяхныг болтол Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан, мөн дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж болзошгүй хүнээр яригдаж байгаа Хиллари Клинтоны тухай киног Си-Эн-Эн, Эн-Би-Эс зэрэг үндэсний хэмжээний томоохон телевизүүдээр гаргахыг АНУ-ын Бүгд Найрамдах Нам эрс эсэргүүцэж байгаа аж. Хэрвээ кино эдгээр телевизүүд гаргавал 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд өөрийн намын нэр дэвшигчийг оролцуулахгүй гэдгээ тус нам Даваа гаригт илэрхийлжээ.

БНН-ын Үндэсний хорооны дарга Райнс Прибус дээрх телевизүүдийн удирдлагуудад илгээсэн захидалдаа, хатагтай Клинтоны тухай нэвтрүүлгүүд нь БНН-ыг дараачийн сонгуулийн мэтгэлцээнээс татгалзахад хүргэж мэднэ гэдгийг дурдсан байна. Түүний захидалд “Америкийн компанийн хувьд, танайх хүссэн бүхнээ үзүүлэх бүрэн эрхтэй. Гэхдээ яагаад олон хүн та бүхний үйлдэлд гайхаж эгдүүцэж байгааг, Америкийн иргэдийн хувьд ойлгож байгаа байх. Энэ бол 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрсдөдөө нийцүүлэх гэсэн томоохон телевизийн сувгуудын тийм ч далд биш оролдлого” гэжээ. Телевизүүдийн зүгээс одоогоор уг захидалд ямар нэг хариу өгөөгүй. Харин Эн-Би-Эс-ийн төлөөлөгч амралт, чөлөөт цагийн болон мэдээний сувгууд нь бүрэн тус тусдаа, бие биенээсээ огт хамааралгүй гэж “Ройтерс” агентлагт ярьсан байна.
Ерөнхийлөгч Барак Обама энэ жил дөнгөж 2 дах бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлээд байгаа. Дараагийн сонгууль болтол 3 жилийн зай байгаа ч ирэх сонгуулийг АНУ-н улстөрийн хүрээнд идэвхтэй хэлэлцсээр байгаа юм. Си-Эн-Эн телевиз Клинтоны тухай намтарчилсан киног 2014 онд гаргахаар зэхэж байгаа бол, NBC телевиз мөн түүний тухай цуврал кино бэлтгээд байгаа юм байна.
 Хиллари Клинтоны хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших үгүйгээ мэдээлээгүй байгаа боловч олон хүн түүнийг дэвшинэ гэж таамаглаж байгаа аж.. Тэрээр 2008 оны сонгуульд өрсөлдөж, дээгүүр үнэлэгдэж байсан боловч нам доторх сунгаандаа Барак Обамад ялагдаж, дараа нь түүний засаг захиргааны гол албан тушаалын нэг төрийн нарийн бичгийн даргын албыг хашсан билээ.
Л.Пүрэвдолгор

Хиллари Клинтоны тухай киног эсэргүүцэв  
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй