
Хонины ордынхонд ирж буй Могой жилд эргэн тойрныхоо хүмүүст аль болох уян хатан ханддаг болгоход чиглэсэн бэлэг өгвөл зүгээр. Энэ нь сэтгэл зүйн ном, тестийн эмхэтгэл, оюун ухаан сорьсон тоглоом ч юмуу. Гэхдээ Хонинууд өөрт нь хэрэг болохуйц бэлгэнд илүү дуртай гэдгийг нь бас бодолцолгүй болохгүй. Эмэгтэйчүүдэд гал тогооны хэрэгсэл юмуу гоёл чимэглэлийн зүйлс, эрчүүдэд багажны цуглуулга бэлэглэвэл тааламжтай байх болно.
Үхрийн ордныхонд өдөр тутмынх нь амьдралд хэрэгцээтэй зүйл бэлэглэвэл зүгээр. Мөнгөний утга учрыг сайн мэддэгээрээ энэ ордныхон Могойтой төстэй. Тиймээс түрийвч, хэтэвч /дотор нь заавал мөнгө хийгээрэй/, банкны цахим карт, худалдаа үйлчилгээний газруудын хөнгөлөлтийн карт хамгийн сайн бэлэг байх болно. Дээр нь сайн чанарын дарс юмуу гэрийнх нь дотоод засалтай өнгө дүйцүүлсэн мөнгөний мод нэмбэл бүр ч янзтай.
Ихрүүд олон нүүртэй. Тиймээс Могойн арьсаа сольдог шинж чанартай нь уялдуулсан бэлэг сонгоорой. Хамелеон шүхэр, олон өнгийн теньтэй косметикийн цуглуулга байж болно. Харин эрчүүдэд олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг багажны цуглуулга таалагдана. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй тэд хоол хийхдээ сайн учраас хоол амтлагчны цуглуулга бэлэглэвэл бас дуртай байх болно.
Мэлхийнүүд Могойн нэг адил мэдрэмтгий, романтик, бага зэрэг меланхолик хүмүүс. Тиймээс 2013 онд тэдэнд уянгын ном юмуу кино, театрын билет, үзэсгэлэнд очих урилга зэргийг бэлэглэвэл таалагдана. Бас далайн гүний амьдралыг харуулсан бэлэг дурсгалын зүйлс, бяцхан хөлөг онгоцнууд, зөөлөн тоглоом ч зүгээр. Өөрт нь хэрэг болох бэлэг байсан ч болно. Усан могой жил гарч байгаа учраас угаалгын өрөөний хэрэгслүүд, савангийн хайрцагны цуглуулга, тавиурууд, хөшиг, хивсэнцэр аль нь ч болно. Гэхдээ сонгосон бэлэг чинь таалагдахгүй байх вий гэдгээс эмээж байгаа бол шууд өөрөөс нь юу авахыг хүсэж байгааг нь асуугаарай. Учир нь эл ордны зарим хүмүүс бэлгээ өөрсдөө сонгох дуртай байдаг.
Арслангийн ордныхонд өөрсдийнх нь чамин эдлэл хэрэгсэл, гоёл чимэглэл /аксессуар/ эдлэх дуртай занд нь тохируулж бэлэг бэлдээрэй. Хэрвээ тамхи татдаг бол тамхины чамин хавтага юмуу гаанс, эсвэл дэгжин зангиа, зангианы чамин хавчаар, запонк, нүдний шил байж болно. Харин бүсгүйчүүдэд байгалийн чулуутай гоёл чимэглэл /жишээ нь барын нүд. Өөрсдийнх нь ордын чулуу/ бэлэглэвэл дуртай байна. Чамин хийцтэй гар цүнх /клатч/ байсан ч болно.
Охины ордныхон Могойтой нэг адил хүйтэнд тэсвэр муутай. Тиймээс дулаахан, гоёмсог битүү захтай цамц /свитер/, бээлий, сэвсгэр нөмрөг зэрэг нь хамгийн сайн бэлэг байх болно. Харин машин барьдаг эрчүүдэд халаалгатай суудлын бүрээс бэлэглэж болох юм. Эрэгтэй, эмэгтэй аль нь ч ялгаагүй сүүлийн үеийн загварын гар утас бэлгэнд авахдаа дуртай байх болно. Харахад даруухан ч гэсэн Охины ордныхон үнэтэй зүйлсэд дуртай. Тэд үнэ цэнтэй зүйлс эдэлж хэрэглэх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлдэг гэж үздэг.
Жинлүүрийнхэн Могойн нэг адил нарийн зөн совинтой, түүнийгээ ч сайн ашиглаж чаддаг хүмүүс. Тиймээс тэдэнд зөн совинг яаж улам сайн хөгжүүлэх талаар ном бэлэглээрэй. Түүнчлэн цаг /бугуйн, элсэн, усан/, өөрийнх нь ордын дүрстэй мөнгөн зүүлт, могойн дүрстэй мөнгөн бугуйвч бэлгэнд авахдаа тэд дуртай байна. Эрчүүдэд бичиг хэрэгслийн цуглуулга, дуртай дууных нь дискийг бэлэглэвэл баярлах болно.
Хилэнцийнхэн Могойн нэг адил нууцлагдмал учраас далд ухамсрын талын ном, мэрэг төлгийн хэрэгсэл бэлэглэхэд таалагдана. Эмэгтэйчүүдэд гоёмсог дотуур хувцас, торгомсог цагаан хэрэглэл, харин эрчүүдэд спортын хэрэгсэл, өмсгөлүүд бэлэглээрэй. Бас эртний эдлэлүүд, эртний болон орчин үеийн оюун ухаан сорьсон тоглоомнууд ч үнэ хүндээ алдахгүй. Тэдгээр нь сэтгэн бодох чадварыг нь нээн илрүүлэхээс гадна сэтгэл санааны тэнцвэртэй байдал олж авахад нь туслах болно. Бэлгэн дээрээ жилийн бэлэгдэл бүхий бэлэг дурсгалын зүйл, түлхүүрийн оосор, зүүлт нэмэхээ мартав.
Нумынхан сэтгэл татам байдлаараа Могойтой төстэй. Тиймээс эл ордныхны дур булаам байдлыг илүү тодотгох зүйлс хамгийн сайн бэлэг байх болно. Гоёлын гоо сайхны цуглуулга, бие, үс, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, эрчүүдэд бол сахлын тос, хөөс, татуурга, сайн чанарын сахлын машин зэрэг байж болох юм. Түүнээс гадна шинэ мэдлэг мэдээлэл олгох юу ч байсан бэлэглэхийг зөвлөх байна. Ном, аяны хөтөч, толь бичгүүд, хэлний дамжааны эрхийн бичиг гэх мэт. Зургийн аппарат, видеокамер, амралтын газрын эрхийн бичиг ч бас үнэ цэнээ алдахгүй бэлэг байх болно.
Матрууд Могойн нэгэн адил нэр төрөө хичээдэг хүмүүс. Тэд өөрсдийнх нь нийгмийн байр суурийг илтгэсэн эд зүйлст дуртай. Нөүтбүүк, смартфон зэргээс гадна, гоё үзэг, арьсан бүрээстэй дэвтэр, чамин түлхүүрийн оосор, утасны зүүлт зэрэг нь тэдэнд их таалагдаж, өдөр тутмынх нь байнгын хэрэглээ болох болно.
Хумхынхан аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, сайхан зүйлийг мэдэрч чаддагаараа Могойтой төстэй. Тиймээс шинэ жилээр эл ордныхонд “хамгийн гайхалтай ээж”, “хамгийн сайн найз”, “хамгийн хайртай хүн” гэх мэт өргөмжлөл гардуулахыг зөвлөж байна. Гоёмсог хүрээнд хийсэн тийм өргөмжлөл таны өөрийг нь гэсэн сэтгэл, үнэлэмжийг түүнд сануулж байх болно. Түүнчлэн тансаг бөгөөд гоёмсог гоёл чимэглэлийн зүйлс, уран зураг, баримал зэргийг бэлгэнд авахдаа дуртай байна. Хумхууд сониуч хүмүүс болохоор тэдний яг одоо юуг илүү сонирхож байгаатай нь уялдуулж хамгийн хэрэгцээтэй зүйлийг нь бэлэглээрэй. Эмэгтэйчүүдэд өөрийнх нь стильд тохирсон үнэртэй ус бэлэглэж бас болно.
Загас Могойтой олон зүйлээр зохилдолгоотой. Тэд хүмүүсийн анхаарлыг өөртөө татдаг, бие хайргүй ажилладаг, цэцэн цэлмэг, ухаантай, зөн билэг сайтай хүмүүс. Тиймээс эл ордныхны хувьд сэтгэгдэл төрүүлэхүйц бөгөөд тансаг гоёл чимэглэл, өөрийгөө хөгжүүлэх болон бусадтай холбоо барих сүүлийн үеийн техник хэрэгслүүд, өөрт нь тусгайлан зориулагдсан сахиус зэрэг нь хамгийн сайн бэлэг байх болно. Загаснуудад ашигтай, зохистой хоол бэлдэх ажлаас нь хөнгөвчилдөг “ухаалаг” ахуйн техник хэрэгслүүд, гоё бээлий, тод өнгөтэй урт ороолт, гоо сайхны хэрэгслүүд бэлэглэвэл баяртай байх болно.
Эх сурвалж: zun.mn
Шинэ жилээр хэнд юу бэлэглэх вэ? | ||
Үзсэн: 1277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.