Шууд Chart

Радио аялал - Балба /Непал/

2015-01-03 08:35:37

Ази тивийн өмнөд хэсэгт Хятад, Энэтхэг хоёр орноор хүрээлүүлж Хималайн өвөр бэлээр уртаашаа 800 км, өргөөшөө 200 км тэлсэн 147,181 км2 газрыг хамрах орон болон түүн дээр тогтон буй 1955 онд НҮБ-д гишүүнээр элссэн, тусгаар тогтносон бүрэн эрхт улсыг Балба  гэнэ.

Бурангуй нийгэм тогтсон 1768 онд Притви Нараян Шах олон газрыг хураан захирснаар өнөөдөртэй золгосон Балба улс мэндэлжээ. Эрч авсан үедээ Төвөд, Энэтхэгт нэвтэрч 1788-1792 онд Чин улс, 1815–1816 онд Британитай байлдаж байв. 1846-1851 онд Жан Бахадур (баатар) Рана сайдын хүч нөлөө вангийн сүрийг дарсан байна. Ер нь сайдын үүрэг Балбад вангаас дутахгүй байжээ. Энэхүү Балбын вант улс 1990-ээд оноос ардчиллыг хүсэгчдийг бай болсон ба 1996 онд байгуулагдсан Маоист үзэлтэй Балбын эв хамт намын толгойлсон иргэний дайн 18 мянган хүний аминд хүрсний эцэст 2008 онд хаант төр халагдаж,[4] бүгд найрамдах засаг, холбооны төрийн байгууламж бүхий Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс (балбаар - Loktāntrik Ganatantra Nepāl) үүсээд байгаа юм.

Балба орныг байгалийн гурван бүс болгож үзнэ. Нутгийн умард хөвөөгөөр альпийн нуга, нүцгэн хад, мөнх цас, мөсөн гол бүхий хүйтэн Хималайн өндөр нуруу сунайна. Балба-Хятадын хилийн зурваст Канченжунга, Лхоцэ, Макалу, Чо Оюу, Дхаулагари болон дэлхийн хамгийн өндөр Жомолунгма (балба хэлээр сагарматха гэх) зэрэг далайн түвшнээс дээш 8000 м-ээс өндөр уулс сүндэрлэжээ. Дунд бүс буюу навчит, шилмүүст ойтой уулс, өндөрлөг газарт д.т.д 800-4000 м өндөр нутаг хамрагдана. Энэтхэгтэй хиллэх өмнөд хэсгийн Ганга мөрний нам доор газрын зах зурвасаар тропикийн ой тархсан бөгөөд 2000 мм-ээс их тунадас унаж, I сард +15°С, VII сард +30°С халуун дулаан байдаг.[5] Засаг захиргааны хувьд 14 аймаг ( анчал), тэдгээр нь дотроо 75 хошуу (жилла) болж хуваагдана. Гэхдээ аймгуудаа багцлаад зүг чигээр нэрийдсэн 5 бүс нутаг болгон хөгжүүлж байгаа.

Хүн ам нь олон ястан, овгоос бүрэлдэх бөгөөд тэдгээрээс олонх нь балба, гурунги, невар, таманги, магар, кират зэрэг юм. Албан ёсны хэл нь Балба.

Балба нь феодалын харилцаа ноёрхсон хөдөө аж ахуйн орон. Нийгмийн нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг хөдөө аж ахуй гаргадаг. Хөдөө аж ахуйд буудай, эрдэнэ шиш, хөх тариа, арвай, шар будаа, гурвалжин будаа, тропикийн ойд чихрийн нишингэ, жут, тослог ургамал, тамхи, цайны бут тариалдаг. Хүнсний ногооны ба үр жимсний аж ахуй эрхэлнэ.

Одос, сарлаг, хонь, ямаа, гахай өсгөдөг. Аж үйлдвэрийн хөгжлөөр дорой. Нүүрс, төмрийн хүдэр, гялтгануур, догшин шүү болон хөдөө аж ахуйн түүхий эдийг гар үйлдвэрийн аргаар боловсруулдаг. Чихэр, тамхи, хөвөн, бөс даавуу, жут, тутарга цэвэрлэх фабрик, завод ажилладаг. Металл боловсруулах, гэр ахуй ба гар урлалын үйлдвэртэй. Гадаадад жут, жутийн эдлэл, үр тариа, чихрийн нишингэ, тамхи, ноос, арьс, эмийн ургамал гаргадаг.

Нийтэлсэн: Mонголын радио

Радио аялал - Балба /Непал/  
Үзсэн: 2275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй