Шууд Chart

Улсын аварга Г.Эрхэмбаяр цолныхоо хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ

2015-05-25 10:59:47

Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө.  

Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан тэргүүтэй хүчтэнүүд зодоглосон юм. Бөхийн өргөөний хойморт МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, Дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга Г.Өсөхбаяр, дархан аварга А.Сүхбат, улсын залуу аварга С.Мөнхбат нар болон ИНЕГ-ын удирдлагууд  хүрэлцэн ирсэн байлаа. 

Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд нар шалгарлаа. 


Энэ өдөр зодоглосон бөхчүүдийн хамгийн ахмад нь Ишдоржийн Доржсамбуу гарьд байв. 40 гарсан насандаа олон дүү залуустай сайхан барилдаж гурав даваад дөрвийн даваанд аймгийн заан Л.Батзоригт хөмрүүлэн өвдөг шороодсон юм. 10 жилийн өмнө болсон Нисэх хүчний түүхт 80 жилийн ойн барилдаанд И.Доржсамбуу гарьд заан цолтойдоо түрүүлж, гарьд Д.Рагчаа харцага цолтойдоо үзүүрлэж байжээ.

ИНЕГ-ын хамт олон барилдаанд хүрэлцэн ирсэн аварга цолтнууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулсан бол мөн нутаг усныхан, шавь нар нь, дэвжээний бөхчүүд нь, ах дүү, найз нөхөд нь гээд олон хүн аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлж байв.

Мөн ИНЕГ -аас олон жил нисэх хүчинд алба хаахын зэрэгцээ үндэсний бөхөөр амжилттай барилдаж, төрийнхөө их баяр наадамд таван удаа үзүүрлэсэн хурц арслан Д.Мөнх-Эрдэнэдээ хүндэтгэл үзүүллээ.

Жил бүрийн аварга цолтны барилдааныг тохиолдуулан олгодог даян аварга Н.Жамъянгийн нэрэмжит шагналыг Булган аймгийн харъяат аймгийн начин Д.Пүрэвдоржид олгов. Улсын аварга Ц.Бээжингийн нэрэмжит шагналыг улсын гарьд Б.Гончигдамбад гардуулсан байна.


Улсын аварга Г.Эрхэмбаяр цолныхоо хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ  
Үзсэн: 1488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй